ЦЕГ: Атаархсан гэх шалтгаанаар бусдын биед халдсан эмэгтэй СЭМҮТ-ийн өвчтөн байжээ
Хүүхдээ цэцэрлэгээс авахаар явж байсан эмэгтэйн толгойг нь хагалж, гэмтээсэн бичлэг цахимд тархжээ. Энэ хэргийн талаар инстаграмд 120 мянган дагагчтай, хохирогч бүсгүй өөрийн цахим хаягаараа олон нийтэд мэдээлж, гэмт хэрэг үйлдсэн эмэгтэй өөрт нь атаархдаг гэх мэдүүлэг өгсөн байсан талаар бичжээ.
Уг хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас тодруулахад “Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст хэргийг шалгаж байгаа. Хохирогчийг гэмтээсэн зүйл нь алх биш. Тодорхой мэдээллийг шалгаж буй хэлтсээс ирүүлээгүй байна” хэмээлээ.
Түүнчлэн хэрэгт шалгагдаж буй эмэгтэй өмнө нь бас нэгэн инстаграмын олны танил эмэгтэй рүү хоёр удаа халдаж, үсдэж, нүүрийг нь маажсан байна. Энэ асуудлаар хохирогч цагдаагийн байгууллагад мөн хандаад буй аж. Тэрбээр хэрэг үйлдсэн шалтгаанаа “Би зураг, бичлэгийг нь үздэг. Олон жил инстаграмаар дагаж байна. Намайг өдөөд байдаг юм” хэмээх тайлбарыг өгчээ.
Эх сурвалжаас авсан мэдээллээр тухайн халдлагыг үйлдсэн эмэгтэй СЭМҮТ- харьяалалтай өвчтөн байсан бөгөөд дээрх үйл явдлын дараа эмнэлэгт хүргэж өгчээ.