ХДХВ/ДОХ-ын 17 шинэ тохиолдол бүртгэгджээ
Бэлгийн замаар дамжих халдвар ХДХВ/ДОХ-ын асуудлаар үндэсний VIII чуулган өнөөдөр болж байна. Тус чуулганаар БЗДХ, ХДХВ/ДОХ-ын тусламж үйлчилгээ, урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны өнгөрсөн хугацааны ололт амжилт, тулгамдаж буй асуудлыг талууд хэлэлцсэн юм.
Мөн үеэр ХДХВ/ДОХ-ын талаар ХӨСҮТ-ийн дарга Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө. Тэрээр “Монгол Улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш 30 жилийн хугацаанд ДОХ-ын нийт 344 тохиолдол бүртгэгдсэн байдаг. Үүнээс 286 иргэн идэвхтэй эрүүл мэндийн хяналтад байгаа бол 58 хүн нас баржээ. Харин энэ жил манай улсад ХДХВ/ДОХ-ын 17 тохиолдол нэмж бүртгэгдсэн. ХДХВ-ийн нийт хүн амын дунд бага тархалт багатай байгаа ч эрсдэлт бүлгийнхний дунд өндөр, голомтолсон тархалттай байна. Тиймээс хөдөлгөөнт хүн ам буюу тээврийн жолоочид болон хорих ангид ял эдэлж буй хүмүүс зэрэгт чиглэсэн үйл ажиллагааг илүү идэвхжүүлэх хэрэгтэй байна” гэв.