Хүүхдийн төлөө сан байгуулах хуулийн төслийг дэмжлээ
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжлээ. Уг хуулийн төслийн агуулга нь Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулах тухай юм.
Засгийн газрын 2020 оны 241 дүгээр тогтоолоор ”Хүүхдийн төлөө Фонд” Засгийн газрын тусгай сан байгуулахыг дэмжсэн. Ийнхүү Монгол Улсын төр засаг, ард иргэдээс хүүхдийн сайн сайхны төлөө санаачлага гаргаж, асуудлыг шийдвэрлэж ирсэн түүхтэй бөгөөд энэхүү үйл хэргийг уламжлал болгон хэрэгжүүлж, хүүхдийн төлөө хөрөнгө оруулалтыг дэмжих хэрэгцээ шаардлага байна.
Хүүхэд өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих нь тэднийг эрсдлээс урьдчилан сэргийлэх, хамгаалахад чухал алхам болох тул Хүүхдийн төлөө санг байгуулах, улмаар сангийн хөрөнгийг хүүхдэд зориулсан бүтээн байгуулалтыг дэмжих, тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан, тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг урамшуулахад зарцуулдаг байх эрх зүйн орчныг бий болгох зорилгоор хуулийн төслийг боловсруулжээ.