Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ №8 “Жүр Үр” бэйкери
Өдөрт 40 гаруй нэрийн бялуу, 140 гаруй төрлийн бэйкери үйлдвэрлэдэг
Тод гэрэл, гоёмсог ханын зураг, сонирхолтой интерьер бүхий кафед крем, жимсээр чимэглэсэн бэйкери болон олон төрлийн сэндвич, өнгө өнгийн чимэглэлтэй торт, жигнэмгүүд зай завсаргүй эгнүүлэн тавьсан нь яг л эрдэнийн чулуу мэт гялалзаж байв. Сайхан үнэр ханхлахын зэрэгцээ шилэн хоргыг анхааралтай ширтэн алийг нь авах вэ гэж эргэлзэн харж байгаа том хүн ч хүүхэд ч ялгаагүй нүүрэнд нь инээмсэглэл тодорч байлаа.
Бүтээгдэхүүний төрөл олон, амт чанар сайтай, үнийн хувьд ч боломжийн “Жүр үр” бэйкери нь, монголдоо эхний 1,2-т жагсах бэйкери үйлдвэрлэгч гэхэд хэн ч маргахгүй биз ээ.
“Жүр үр” ХХК нь 1998 онд анх 1 технологич, 2 туслах ажилтантайгаар 5 нэрийн бялуу үйлдвэрлэн үйл ажиллагаагаа эхэлж байжээ. Өдгөө, Улаанбаатар хотод нийт 27 үндсэн салбар, инстори буюу томоохон дэлгүүрүүд дотор 6 бэйкери салбараа нээн ажиллуулж байгаагаас гадна, Эрдэнэт, Дархан хотуудад мөн Өвөрхангай аймагт өөрийн салбараа ажиллуулж байгаа юм. Өдөрт 40 гаруй нэрийн бялуу болон 140 гаруй төрлийн бэйкери бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг ба, нийт ажилчдын тоо хэдийн 1000 давжээ.
Ажилд орох хүсэлтэй хүн бүрд манай үүд хаалга нээлттэй
Тус компанийн уриа нь “Share Happiness” буюу “Аз жаргалаа хуваалцъя” юм.
“Жүр үр” гэдэг нь эмийн дээд 3 үрийн нэг бөгөөд, өсөж үржихийн бэлгэ тэмдэг, эм мэт хүний биед ашиг тустай байхыг бэлгэдэн компанидаа энэхүү нэрийг өгсөн ажээ.
2007 оноос сонсголын болон харааны, бие эрхтний бэрхшээлтэй хүмүүсийг идэвхтэй ажиллуулж байгаа ба, 2022 оны 10-р сарын байдлаар 35 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг цэвэрлэгээ үйлчилгээ, борлуулалт, савлагаа болон үйлдвэрлэл, оффиссын орчинд ажиллуулж байна. Хүний хөгжил хариуцсан захирал М. Нанзаддорж “Манай компани хуулиар тогтоосон квотыг хангах гэхээсээ илүү, олон олон хүмүүстэй аз жаргалаа хуваалцахын тулд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг ажиллуулдаг. Бид манай байгууллагад ажиллах хүсэлт гаргасан хэнийг ч дуртайяа хүлээн авах болно” гэдгээ илэрхийлж байлаа. Тус компани нь, хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамааран ажилд орох хүсэлт гаргасан хүмүүсийг аль болох хүлээн авдаг бөгөөд тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажилд орох хүсэлт гаргавал, тухайн хүнд ямар дэмжлэг тусламж үзүүлбэл аюулгүй орчинд урт хугацаагаар ажиллах боломжтой вэ гэдгийг анхааран ажилладаг байна. Ажилд авахдаа, хүний нөөц болон аюулгүй ажиллагаа хариуцсан ажилтан нийлсэн 5-6 хүний бүрэлдэхүүнтэй баг хамтран үнэлгээ хийж, тухайн хүний хүсэлт болон бэрхшээлийн түвшин, ажилд ирж очиход хялбар эсэх зэргийг харгалзан, олон талаас бодож тооцоолсны үндсэн дээр шийдвэр гаргадаг байна.
“Хүн болгон өөр өөрийн гэсэн онцлогтой, адилхан байдаггүй шиг хөгжлийн бэрхшээлийг ч гэсэн тухайн хүний онцлог л гэж боддог ” хэмээн инээмсэглэл тодруулан ярих хүн бол Хүний хөгжил хариуцсан захирал М.Нанзаддорж юм. Тэрбээр Санхүү эдийн засгийн их сургуульд маркетингийн мэргэжлээр, БНХАУ-д хүнсний технологич мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Төгсөөд шууд “Жүр үр” компанид ажилд оржээ. Энэ жил 10 дахь жилдээ ажиллаж байгаа юм. “Тэмдэглэлт үйл явдал болон хүндэтгэлийн ширээг бялуугүйгээр төсөөлөхийн аргагүй юм. Амтлаг бялуугаараа дамжуулан монголынхоо ард түмэнд аз жаргалыг түгээж байгаа “Жүр үр”-ийн нэгэн гишүүн болох юм сан гэсэн бодолдоо хөтлөгдөн ажилд орсон” хэмээн анх ажилд орж байсан үеийнхээ дурсамжийг бидэнтэй хуваалцсан юм.
Харин Хүний нөөцийн менежер Д.Дорждуламын хувьд, их сургуулиа төгсөөд хоёр ч байгууллагад хүний нөөцийн ажилтнаар ажилласан туршлагатай ба, “Жүр үр” компанийн зүгээс ажиллах санал хүлээн авч хүний нөөцийн ажилтнаар орсон байна. Удирдах ажилтнуудын өмнө ажилчдаа төлөөлөн тэднийхээ санал хүсэлтийг дамжуулж, харин ажилтнууддаа байгууллагынхаа зорилго зорилт, төлөвлөгөөг дамжуулдаг хүний нөөцийн ажилтны ажил бол, нэг үгээр хэлбэл, “Байгууллага болон ажилчдын гүүр” гэж боддог хэмээн Дорждулам ярьсан юм. “Би үйлчлүүлэх дуртай байсан “Жүр үр” компанидаа өөрийн эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ажиллаж байгаадаа, бас хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмтэй холбох ажил хийж байгаадаа маш их баяртай байдаг” гэж тэрбээр бахархан ярьж байлаа.
Амьдралын минь хамгийн аз жаргалтай үе
2022 оны 10 сарын дундуур Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэгт байрлах тус компанийн үйлдвэрт очсон юм. Ариутгал, эрүүл ахуйг бүрэн хангасны дараа хэд хэдэн удаагийн шалгалтыг дамжиж байж дотогш орох боломжтой энэхүү үйлдвэрт гурил, ус, хөрөнгө зэрэг түүхий эд хэмжих процессоос эхлээд зуурах, исгэх, хуваарилах, хэвлэх, шарах, хөргөх, савлах хүртэлх бүх дамжлага процесс явагдсаны дараа, салбар дэлгүүрүүд рүү зөөвөрлөгддөг байна. Техник тоног төхөөрөмжийн автоматчилал, арвин туршлага бүхий чадварлаг технологичдын хурц нүд, мэдрэмж бүрдсэн орчин байлаа.
Энд ажиллах 300 гаруй ажилчдын 10 нь хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажээ. Тэдний нэг нь, давжаа биетэй Б. Одгэрэл /байнга дууддаг нэр нь Одко/ нь үйлдвэрийн цэвэрлэгээ үйлчилгээний хэсэгт ажилладаг. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн тавцан өндөр бөгөөд ачаалал ихтэй тул компанитайгаа ярилцаж зөвшилцөөд цэвэрлэгээний ажил хийхээр болжээ.
Үргэлж инээмсэглэл тодруулах түүний харцнаас аз жаргал гэрэлтэж байсан ч, хүүхэд ахуй нас нь тийм амар хялбар байгаагүй ажээ. Улаанбаатар хотод төрсөн ч, бага балчир байхдаа эцэг эхээ алдаж, хоёр эгч, нэг эрэгтэй дүүгийнхээ хамт эмээгийндээ амьдрах болжээ. Удалгүй эмээ нь нас барж, Хэнтий аймгийн Хүүхэд асран хүмүүжүүлэх төвд хүргэгдсэн байна.
Гэвч, Одког дунд сургуулийн сурагч байх үед нь тус төвийн үйл ажиллагаа зогсож, эгч дүү 4-үүлээ Улаанбаатарт буцаж ирэхээр болов. Улаанбаатарт нүүж ирээд, хоёр эгч нь ажил хийж, харин Одко эрэгтэй дүүгийн хамт Дэлхийн зөн байгууллагын тэтгэлгээр 2 жилийн хугацаатай Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцжээ.
Дараа нь, нэгэн ресторанд порцын тогооч хийж байгаад ажлын цаг урт, цалин хөлс тааруу байсан учир, 2019 онд Ажил олгогч эздийн холбооноос зохион байгуулсан өдөрлөгт оролцож, тэр үед “Жүр үр” компанид ажилд орох хүсэлтээ гаргасан байна.
3 сарын туршилтын хугацааг дуусгаад, одоо үндсэн ажилтнаар ажиллаж байна. Цэвэрлэгээ хийхийнхээ өмнө хогийн шүүр болон хутгуур, хогийн саваа заавал цэвэрлэх хэрэгтэй байдаг бөгөөд, ямар хэсгийг цэвэрлэхээс шалтгаалаад ягаан, ногоон, шар гэх мэт алчуурын өнгө нь өөр өөр байдаг, үйлдвэрлэлийн хэсгийн цэвэрлэгээг ажилчдын амралтын цагаар хийдэг зэрэг нарийн тогтсон дүрэм журмыг баримтлан, долоо хоногт 5 өдөр, үйлдвэрийн доторх цэвэрлэгээг нягт нямбай хийдэг байна.
Тэрбээр харин амралтынхаа цагаар хамт олонтойгоо дуртай солонгос киноныхоо тухай ярин хөгжилтэй өнгөрүүлдэг гэнэ.
Одко 13 настай охинтой. Өмнө нь охинтойгоо хамаатныхаа гэрт амьдардаг байсан бол, “Жүр үр”-д ажил ороод нэг жил болж байхад нь компанийн зүгээс гэр бэлэглэж, одоо ээж охин хоёр халуун ам бүлээрээ амьдарч байна. “Өдөр бүр “Жүр үр”-ийн сэндвичний талханд өөрсдийнхөө бэлтгэсэн хавчуургыг хийж идэх дуртай” хэмээн Одко инээмсэглэн ярьсан юм. Охин нь “Жүр үр”-ийн бялуунд маш дуртай бөгөөд, Одког ажилд орох болсныг сонсоод ихэд баярласан гэнэ. Одко амралттай өдрөө охиноо ажил дээрээ дагуулж ирэн хамт олондоо танилцуулжээ.
Нэг удаа охин нь, “Ээжээ, та сүүлийн үед улам их инээмсэглэдэг болсон байна” гэхэд Одко хариуд нь “”Жүр үр”-д ажилд ороод, бас ийм хөөрхөн охинтой болохоор шүү дээ” гэж хариулсан гэв. Түүний амьдралын хамгийн аз жаргалтай үе нь гэлтэй.
Харилцан ойлголцол, хамт олонч байдлыг дээдэлсэн байгууллагын соёл
Үйлдвэрт, Одкогоос гадна савлах, хайрцаглах хэсэгт ч сонсголын болон харааны бэрхшээлтэй ажилтнууд ажилладаг байна.
Үйлдвэрийн цэвэрлэгээ, үйлчилгээ болон ажилчдын ажиллах орчны зохицуулалтыг бүхэлд нь хариуцаж ажилладаг хүн бол Ц.Алтангааяа юм. Одгэрэлийн ажилдаа байнга хэрэглэдэг өндөрлөгч гишгүүрийг Алтангааяа өгсөн ажээ. Одгэрэл гарч зогсох, буухад хялбар байхаар 30 сантиметрийн өндөртэй хийсэн бөгөөд ажил хийхэд аюулгүй байхаар өргөн тавцантай ажээ.
Алтангааяа Одгэрэлд гишгүүр бэлэглэсэн учир нь, өндөр хэсгийн цэвэрлэгээг хийлгэх гэсэндээ биш юм. Харин өндөр тавиур дээрээс юм авах үед, бас усны цоргыг нээж хаах зэрэгт байнга хэн нэгнийг гуйх нь хэцүү байх гэж бодсоноос үүджээ.
Алтангааяа өмнө нь Хонконгийн хөрөнгө оруулалттай оёдлын үйлдвэрт ажилладаг байсан боловч, тус үйлдвэр нь 2011 онд дампуурч, 2012 онд “Жүр үр” компанид ажилд оржээ. Тухайн үед ердөө 300-хан ажилтантай байсан гэнэ. Ажилд ороод эхний 1 жил одоо Одкогийн ажиллаж байгаа цэвэрлэгээ үйлчилгээний хэсэгт ажиллаж байсан ба, түүний ажилдаа идэвх зүтгэлтэй, чадварлаг байдлыг үнэлэн компанийн зүгээс одоогийн албан тушаалд нь томилсон байна.
Тэрбээр бүх ажилтантай тэгш нэг түвшинд харилцахыг ажлынхаа гол зарчим болгодог байна. “Хүнийг дарга, ажилтан гэж ялгаж харьцвал хэзээ ч сайн харилцаа бий болохгүй. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй эсэхээс үл хамаараад бүх ажилтанд хамаатай бөгөөд хамгийн гол анхаарах ёстой зүйл гэж боддог” гэж Алтангааяа ярьсан юм.
Тэрбээр үргэлжлүүлэн Одкогийн талаар “Үргэлж инээмсэглэж сэтгэл өөдрөг байдаг. Эргэн тойрондоо байгаа хүмүүсийг байнга инээлгэж байдаг” хэмээн ярих ба, ярьж байхдаа Одког өхөөрдөн хайрлаж байгаа нь түүний нүднээс тод харагдаж байсан юм.
Одко Алтангааяаг “Гааяа эгч” гэж дотно дууддаг ба, зөвхөн ажил гэхгүй амьдралд тулгарсан хэцүү хүнд зүйлийнхээ талаар ч ярьж зөвлөлддөг байна. “Гааяа эгч бол тэнгэрийн элч шиг л хүн дээ. Ямар нэг асуудал гарсан үед тэнгэрийн элчтэйгээ ярихгүй бол өөр хэнтэй ярих билээ дээ” гээд, “Ярилцлага өгч байгаа болохоор тэгж хэлж байгаа юм биш шүү. Үнэхээр л сэтгэлдээ бодож явдаг байсан үгээ сэтгэл хөдлөөд хэлчихлээ” хэмээн ярьсан юм.
Одко ажлаа солих бодол огт байхгүй ба, цаашид эндээ л ажиллах бодолтой явдгаа мөн бидэнд хэлсэн юм.
Тус компани нь, ажилчдынхаа хамт олонч байдал, харилцан ойлголцлыг чухалчилдаг бөгөөд, жил бүр Наадмыг тохиолдуулан орон нутагт ажилладаг ажилтнуудаа хүртэл хамруулан 3 өдрийн турш хөдөө байрлан амарч зугаалдаг байна. Мөн шинэ жил, Мартын 8 гэх мэт баяруудыг тогтмол тэмдэглэдэг байна. Ажилтнууд ч эдгээр баяр ёслол, аялал зугаалгыг тэсэн ядан хүлээдэг бөгөөд хүүхэд гаргах, өөр тийш нүүх зэргээс өөр шалтгааныг эс тооцвол ажлаас гарах нь тун ховор гэнэ.
Нийгмээрээ шийдэх ёстой асуудал
Харамсалтай нь Монголын нөхцөлд хөгжлийн бэрхшээлтэй иргэн ялангуяа тэргэнцэртэй хүн зорчих налуу зам байхгүй гээд саад бэрхшээлтэй зүйлс маш их байдаг. Нийтийн тээврийн тухайд ч хөгжлийн бэрхшээлтэй хүн ганцаараа зорчиход маш хүндрэлтэй орчин нөхцөлтэй байдаг. Энэ талаар Нанзаддорж “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд энэ мэт дэд бүтцийн болон нийгмийн шинжтэй асуудлууд нь эргээд бэрхшээл болдог. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг зөвхөн байгууллага шийдвэрлэнэ гэдэг учир дутагдалтай бөгөөд нийт Монгол улсын хэмжээнд авч үзэх хэрэгтэй ” гэж чухалчлан хэлсэн юм.
Ярилцлага дууссаны дараа, үйлдвэрийн дэргэд байрлах нэрийн барааны дэлгүүрт ороход, хүүхдийнхээ төрсөн өдрийн бялууг авах гэж байгаа бололтой нэгэн аав бялуу өрөөтэй байгаа шилэн хорго руу өнгийн “Аан? Аарцтай бялуу гэнээ? Заа за ” хэмээн аядуу зөөлөн дуугаар утсаар ярьж байгаа харагдана. Бас ээжтэйгээ яваа 3 орчим настай болов уу гэмээр нэгэн хүү юу юугүй идэх нь үү гэмээр нүдээр хоргоны цаадах сэндвичүүдийг нүдээ гялалзуулан харж, дэлгүүр бүхэлдээ дулаан инээмсэглэл, аз жаргалаар дүүрэн байлаа.
“Аз жаргалыг бусдад түгээж, аз жаргалаа хуваалцъя” гэсэн уриан дор нэгдэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж, бидний амьдралд өнгө нэмж байдаг тус компани нь ажилтнуудынхаа аз жаргалыг ч мартдаггүй бөгөөд, хамт олонч байдлыг тордон усалж, хөгжлийн бэрхшээлийг тухайн хүний онцлог хэмээн үзэж хүн бүрийн ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрсөн тийм л халуун дулаан хамт олон байлаа. Монголын ард түмнийхээ аз жаргалыг бэлгэдэн ерөөж, үнэнч шударга бизнесийн зарчмыг баримталдаг “Жүр үр” компанийн үйл ажиллагаа болон DPUB2 төслийн ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх үйл ажиллагааны нэгдэл нь илүү олон хүний амьдралд гэрэл гэгээ нэмж, аз жаргалыг түгээнэ гэдэгт итгэлтэй байна.
БАЙГУУЛЛАГЫН МЭДЭЭЛЭЛ
Байгууллагын нэр | “Жүр үр” ХХК |
Үйл ажиллагаа | Бялуу бэйкери үйлдвэрлэл |
Нийт ажилтны тоо “Жүр үр” ХХК | Ойролцоогоор 1000 гаруй ажилтан (2022 оны 10-р сарын байдлаар) |
Нийт ажилтны тоо Хан-Уул дүүрэг дэх үйлдвэр | Ойролцоогоор 300 гаруй ажилтан (2022 оны 10-р сарын байдлаар) |
Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо “Жүр үр” ХХК | Нийт 35 ажилтан (Хэл яриа, сонсгол, хараа, бие эрхтний бэрхшээл) |
Хөгжлийн бэрхшээлтэй ажилтны тоо Хан-Уул дүүрэг дэх үйлдвэр | 10 ажилтан (2022 оны 10-р сарын байдлаар) |
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах болсон шалтгаан | “Аз жаргалаа хуваалцъя” гэсэн компанийн үндсэн уриаг бодитоор хэрэгжүүлэх. |
Авч хэрэгжүүлж буй арга хэмжээ |
|
АЖЛЫН БАЙРНЫ ДАДЛАГАЖУУЛАГЧИЙН ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ ҮЙЛЧИЛГЭЭ:
2022 оноос ХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.
Холбоо барих хаяг:
Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn
Утасны дугаар: 77073008, 77032222