Өнөөдөр бол ХИЧЭЭХ ӨДӨР

Чи л хичээхгүй л бол юу ч ӨӨРЧЛӨГДӨХГҮЙ Өнөөдөр бол ХИЧЭЭХ ӨДӨР. Дахин нэг амь, дахин нэг гэр бүлийн “аз жаргал”-ыг хамгаалж үлдэхийн төлөө хичээх өдөр.

Аравхан сарын дотор зам тээврийн ослын улмаас 477 хүн эрдэнэт амиа алдсан. Энэ тоо ТЭГ болоогүй цагт хичээх өдөр өнөөдрөөр таслагдах ёсгүй. Өөрөөр хэлбэл, өдөр бүр бидний хувьд өөрийн болоод өрөөлийн төлөө хичээх өдөр байх ёстой. Харин та хичээх өдрийн талаар юу мэдэх вэ. Зам тээврийн ослын улмаас хохирсон иргэдийг дурсах дэлхийн өдрийг 11 дүгээр сарын 3-4 дэх долоо хоногийн “Ням” гаригт тэмдэглэж ирсэн байдаг.

Манай улсын хувьд энэ жилийн “Хичээх өдөр”-ийг “Намайг алгас” уриатайгаар зохион байгуулж буй юм. Дэлхийд нас баралтын тэргүүлэх 10 шалтгаанд зам тээврийн осол тогтмол багтсаар ирсэн бөгөөд 2030, 2060 онуудад ч энэ хэвээр байна гэдгийг судлаачид анхааруулсаар байна. Манай улсын хувьд ч энэ үзүүлэлт ялгаагүй. Зам тээврийн осол нас баралтын 50 шалтгааны эхний 10-т багтаж байгаа юм. Энд нэмээд хэдхэн тоон баримтыг дурдая.

Харамсалтай нь, дэлхий дахинд зам тээврийн ослын улмаас өдөр бүр 3500, жил бүр 1.3 сая орчим хүн нас барж, 50 сая орчим хүн гэмтэж бэртэж, дэлхий даяар хүүхэд, залуучуудын амь насанд аюул учруулсаар л. Түүнчлэн ойрын арван жилд, ялангуяа бага, дунд орлоготой орнуудад зам тээврийн ослын улмаас 13 сая хүн нас барж, 500 сая хүн гэмтэж бэртэх магадлалтай байгааг НҮБ-ийн индэр дээрээс цохон тэмдэглэжээ. Мянга мянга, сая саяар тоологдох тоог бид харж байна. Харин энэ тоог өөрчилж, хэд дахин багасгах “эрх” нь жолооч бүрийн гарт бий. Жолоогоо атгасан л бол ХИЧЭЭ. Гэхдээ яаж вэ гэж үү. Зам тээврийн ослын улмаас хүний амь нас, эрүүл мэнд хохирох шалтгаан нөхцөл нь хурд хэтрүүлэх, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцох явдал. Эдгээр зөрчлөөс нь ангид байж, жолооны ард суухдаа хариуцлагатай байх нь чухал. Бид хичээхгүй л бол юу ч өөрчлөгдөхгүй.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *