BBC: Сармагчны цэцэг өвчний нэрийг өөрчиллөө
Сармагчны цэцэг өвчин нь сармагчинаас гаралтай биш тул амьтныг хэлмэгдүүлэхгүйн тулд нэрийг нь өөрчлөх саналыг ДЭМБ гаргаж байсан. Тэгвэл англи хэлээр ч дэлхийн бусад хэлээр ч хэлэхэд төвөг багатай “mpox” гэсэн нэрийг сонгожээ. Хуучин нэршилээ шинэтэйгээ хамт нэг жилийн хугацаанд ашиглах болов. Мэргэжилтнүүд удаан хугацаанд зөвлөлдсөний эцэст энэ шийдвэрт хүрсэн байна.
Энэ өвчний анхны тохиолдол 1970 онд хүнээс илэрч байсан. Үүнээс хойш бараг 10 гаруй жилийн дараа вирус сармагчингуудаас илэрсэн гэдэг нь тогтоогдсоноор нэр нь Сармагчны цэцэг болсон аж.
ДЭМБ худалдаа, аялал жуулчлал, амьтдад үзүүлэх шаардлагагүй сөрөг нөлөөллийг бууруулах, мөн аливаа соёл, нийгэм, үндэстэн, угсаатны бүлгийг гомдоохоос зайлсхийх хэрэгтэйг онцолж буй. Тиймээс аливаа өвчнийг нэрлэх ДЭМБ-ын зөвлөмж гэж байдаг. Covid-19 цар тахлын хувилбаруудыг ч бас ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу дуудахад хялбар, янз бүрийн санаа агуулаагүй гэдэг утгаар нь Грек цагаан толгойн үсгээр нэрлэсэн.
Сармагчны цэцгийн халдвар энэ жил төв болон баруун Африкийн бусад орнуудад өндөр тархалттай байна. Долдугаар сард өндөр халуурч, арьс салст нь гэмтсэн, туурсан шинж тэмдэгтэй хүмүүсийн тоо дэлхий даяар нэмэгдэж эхэлсэн тул ДЭМБ онц байдал зарласан. Энэ онд нийтдээ 100 гаруй улс оронд сармагчны цэцгийн халдвар тархжээ. Тухайлбал, АНУ, Бразил, Испани, Франц, Их Британи улсуудад энэ жил хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн. Их Британид тавдугаар сараас хойш 3500 гаруй тохиолдол бүртгэгдсэн боловч эмзэг бүлгийн хүмүүст вакцин тарааснаар нөхцөл байдал харьцангуй намжжээ. Дэлхий даяар вирусийн улмаас 50 хүн нас бараад байна.