|

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг дөрөвдүгээр сарын 30-н хүртэл сунгалаа

Монгол Улсын Засгийн газар 2021 оны 03 дугаар сарын 25 -ны пүрэв гарагт ээлжит бусаар хуралдаж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хурлаар Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан Коронавируст халдвар/КОВИД-19/-ын цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй шуурхай хариу арга хэмжээний талаар танилцуулж, халдварын тархалт нэмэгдэж, дархлаажуулалтыг эрчимжүүлж байгаатай холбогдон гарч буй нэмэлт зардлын төсвийн төсөл, өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг дахин нэг сараар сунгах тогтоолын төслийг тус тус хэлэлцүүлэн батлуулав.

Коронавируст халдварын салбар дундын 22 дахь шатны эрсдэлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагын төлөөлөл 25 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 22 -ны өдөр хийсэн бөгөөд эрсдэлийн түвшин “МАШ ӨНДӨР” гэсэн дүгнэлт гарчээ. Иймд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэн хугацаа 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр дуусгавар болох байсныг улсын хэмжээнд 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал сунгаж, Засгийн газрын тогтоол гаргалаа.

Мөн Хилийн боомтын талаар авах арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулж хугацааг нэг сараар сунгав. Ингэснээр 2021 оны 5 дугаар сарын 1-н хүртэл хилийн 14 боомтоор ачаа тээврийн хөдөлгөөнийг хэвийн үргэлжлүүлж, зорчих хөдөлгөөнийг хорьсон хэвээр байна. Зөвхөн УОК-ын зөвшөөрлөөр зорчигчийг хил нэвтрүүлнэ гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *