Ираны шигшээ баг Уэльсийн багийг хожсонтой холбогдуулан 700 гаруй хоригдолд өршөөл үзүүлжээ
Үндэсний шигшээ баг нь хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Уэльсийн багийг хожсоны дараа Ираны эрх баригчид 715 хоригдолд өршөөл үзүүлжээ.
Ийм шийдвэрийг Исламын Бүгд Найрамдах Иран Улсын шүүх засаглалын тэргүүн Холам Хоссейн Мохсени-Эжейгийн захирамжаар гаргасан гэж “Fars” агентлаг мягмар гарагт мэдээлсэн байна.
Тэрбээр хөлбөмбөгчдийнхөө хожлыг өндрөөр үнэлж, “дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд гаргасан хичээл зүтгэл нь Ираны ард түмэнд баяр баясгалан, аз жаргал бэлэглэж, үндэсний эв нэгдлийн илэрхийлэл болсон” гэж онцлон тэмдэглэжээ.
Ираны шигшээ баг 11 дүгээр сарын 25-нд хийсэн хэсгийн эхний тоглолтод англичуудад 2:6 оноогоор хожигдсоныхоо дараа Уэльсийн багийг 2:0 оноогоор хожсон. Энэ нь иранчуудын хувьд ДАШТ-д оролцсон түүхэн дэх гурав дахь хожил юм. Иранчууд ДАШТ-ий хасагдах шатанд шалгарч байгаагүй ч одоо тэдэнд ийм боломж бий. Тус улсын шигшээ багийн дасгалжуулагч Карлуш Кейруп мягмар гарагт АНУ-ын багтай хийх шийдвэрлэх тоглолтын өмнө мэдэгдэхдээ, “Бидэнд нэг зорилго бий. Манай тоглогчид сайн тоглож, бид хожно гэж найдаж байна. Бид тэмцээний дараагийн шатанд шалгарна гэж найдаж байна” гэжээ.