Д.Амарбаясгалан: Гэр хорооллын иргэдийг ойрын 10 жилд орон сууцаар хангах боломжгүй учраас хагас коксын түлш хэрэглэх хэрэгтэй

Коксжих нүүрсийг хэрэглээнд нэвтрүүлэх талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Тодорхой хэмжээний нүүрсийг хагас коксын түлшээр бартер хэлбэрээр сольж, Улаанбаатар хотод бага хэмжээгээр туршиж үзнэ. 400 орчим тонн хагас коксын түлшийг БОАЖЯ болон “Эрдэнэс Тавантолгой” компанийн хамтарсан ажлын хэсэг авсан. Идэр есийн хүйтэнд тодорхой бүсэд хагас коксын түлшийг туршиж үзнэ. Үүний дараа үр дүнг олон нийттэй ярилцаад хагас коксын түлшний үйлдвэрийг байгуулах эсэхээ шийдэх юм.

Улаанбаатар хотын гэр хорооллын 240,000 орчим иргэнийг богино хугацаанд буюу ойрын 10 жилд орон сууцаар хангах боломжгүй. Тиймээс гэр хороолол байдгаараа байна гэсэн үг. Харин гэр хорооллынхон сайжруулсан шахмал түлш түлээд байх нь зохимжтой юу үгүй юу гэдэг асуудал гарч байгаа юм. Сайжруулсан шахмал түлшний хүхрийн хий өндөр, иргэдийн эрүүл ахуйд сөрөг нөлөөлөл үзүүлж байна гэдэг шүүмжлэл дагуулдаг. Үүнээс ангижрах зөв гарц нь ойрын 10 жилийн хугацаанд хагас коксын түлш хэрэглэх гэдэгтэй эрдэмтэн судлаачид болон олон нийтийн нэлээдгүй хэсэг санал нэгдэж байгаа.

БНХАУ, БНСУ энэ аргаар агаарын бохирдлоосоо салсан түүх, бодит хэрэгжсэн цаг хугацаа нь арванхан жилээр тоологдох учраас Засгийн газар хагас коксын түлш хэрэглэх чиглэлээ баримталж ажиллана” хэмээн ярилаа.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *