Б.Азжаргал: Дэлбэрсэн агуулахын хажуу дахь 80 хувийн дүүргэлттэй шатахууны савнуудад улайлт үүссэн
Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багт буй “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарч, нэг хүн амь эрсэдсэн талаар өмнө нь мэдээлсэн.
Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, “2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатсан. Ээлж солилцох үеэр гурван хүн байсан. Тэднийг байх үед гал гарсан. Нэг иргэнийг галаас гаргаад, эмнэлэгт хүргэсэн ч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан. Нөгөө хоёр иргэн олдохгүй байна. Амьд үлдсэн байх найдвар маш бага.
Гал түймэр унтраах, аврах 22, 54, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 19, 61 дүгээр ангийн алба хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Гэхдээ шатахууны агуулах шатсан учир амархан унтрахааргүй юм байна. Галын унтраахын тулд 3000 тонн хөөс шаардлагатай. Тиймээс нэг, хоёр аймгийн хүчин чадлаар унтраах боломжгүй. Тиймээс Улаанбаатар, Эрдэнэт зэрэг газраас техник болон гал унтраах багийнхан наашаа хөдөлсөн. Гал айл өрх рүү орох магадлал харьцангуй бага. Гэхдээ эрсдэлээс сэргийлж, ойролцоох айлуудыг нүүлгэн шилжүүлж байна.
Одоо хамгийн том эрсдэл тэр байна. Зэргэлдээ байгаа савууд улайлт үүссэн. Ихэнх нь 80 хувийн дүүргэлттэй учир гал авбал аюул үүснэ. Тиймээс одоо тэдгээр савуудыг хөргөх ажил хийж байна. Өөрөөр хэлбэл, байгаа нөөцөөрөө ойролцоо байгаа савууд руу гал авахуулахгүй байх ажлыг гүйцэтгэж байна. Азаар салхины чиг нь сав руугаа биш байна. Мөн хүйтэн байна. Тиймээс салхины чиг өөрчлөгдөхөөс өмнө галыг унтраах хэрэгтэй байна.Шалтгааныг мэргэжлийн байгууллага дараа нь тодруулах байх. Одоо бол галаа унтраах л чухал байна” хэмээн мэдээлэл өгчээ.