|

ЭМЯ: Монгол Улсад ХДХВ-ийн халдвартай 641 хүн байх магадлалтай

Жил бүрийн 12 дугаар сарын 1-ийг дэлхий улс орнууд ХДХВ, ДОХ-той тэмцэх үйл ажиллагааг эрчимжүүлэх, халдвараас урьдчилан сэргийлэхэд хүн бүрийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор тэмдэглэж ирсэн.

Дархан-Уул аймагт “Тэгш байдлыг хангая!, хүн бүр оролцъё!” уриан дор “ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ДЭМБ-ын суурин төлөөлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч П.Анузаяа, Глобал сангийн дэмжлэгтэй төслийн зохицуулагч М.Сэргэлэн, Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтулга болон бусад 70 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцов.


 

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг “Манай улс жил бүр НҮБ-ын ДОХ-ын Нэгдсэн Хөтөлбөрөөс гаргадаг арга аргачлалын дагуу ХДХВ-ийн халдварын тархалтын тооцооллыг хийдэг бөгөөд энэхүү тооцооллоор 2022 онд 641 хүн ХДХВ-ийн халдвартай амьдарч байх магадлалтай байна.ХДХВ,ДОХ-ын тархалт эхэлснээс хойш ХДХВ-ийн халдвараас сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүнд халдварын шинэ тохиолдол буурсаар байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлын 36 хувь нь 2013-2017 оны таван жилд бүртгэгдэж байсан бол сүүлийн таван жилд бүртгэгдсэн тохиолдол есөн хувиар буурчээ. Энэ нь манай улсад 2013 оноос эхлэн хэрэгжүүлж буй ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн “Эмчилгээ-Урьдчилан сэргийлэлт хөтөлбөр” амжилттай хэрэгжсэнийг илтгэх нааштай үр дүн юм.

Төрөөс ХДХВ,ДОХ,БЗДХ-аас сэргийлэх чиглэлээр баримтлах бодлогыг үе шаттайгаар боловсруулсан нь ХДХВ-ийн халдвартай амьдарч буй хүмүүсийн эрхийг хүндэтгэх, ялгаварлан гадуурхалтаас ангид амьдрахад нь багагүй дэмжлэг болж чадсан.Түүнчлэн 2019 онд “Эхээс хүүхдэд ХДХВ, гепатитын В вирус болон тэмбүүний халдвар дамжихыг зогсоох журам”, 2022 онд “Халдварт өвчинтэй тэмцэх, сэргийлэх арга хэмжээний 2022-2025 оны төлөвлөгөө”-г Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлан, мөрдөн ажиллаж байна” гэв.


 

Дэлхий дахинд ХДХВ/ДОХ шалтгаанаар болон шалтгаант хамаарал бүхий өвчнөөр анх ДХВ/ДОХ бүртгэгдсэнээс хойш 40,1 сая, 2021 онд 650 мянган хүн нас бараад байна. Манай улсад 1992 онд ХДХВ/ДОХ-ын халдварын анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар ХДХВ/ДОХ-ын нийт 345 тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна. Үүнээс 287 иргэн ХӨСҮТ-д бүртгэлтэйгээр хяналтад байна.

Эх сурвалж: Эрүүл мэндийн яам

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *