Бусдын үхлээр шоу хийгч УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын шүүмжлэл дагуулсан эмгэнэл
Дархан-Уул аймгийн Дархан сумын 3-р баг “Тэс Петролиум” ХХК-д гал түймэр гарлаа гэсэн дуудлага өчигдөр буюу арванхоёрдугаар сарын 01-ний 09:21 цагт Онцгой байдлын газарт ирсэн. Алба хаагчдыг очиход 2000 тоннын багтаамжтай АИ-92 шатахууны нөөцийн сав шатаж байсныг унтраахаар ажиллаж, Сэлэнгэ, Орхон, Улаанбаатар хотоос тусламж хүсэн найман цаг ажиллан унтраасан талаар бид өмнө нь мэдээлсэн.
Мөн тус шатсан агуулахад ажиллаж байсан гурван хүний нэг нь шархаа дийлэлгүй газар дээрээ нас барсан. Харин хоёр нь сураггүй алга болсон. Эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгаа талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга мэдээлсэн байхад УИХ-ын гишүүн Г.Дамдинням сураггүй алга болсон хоёр иргэний сураг гараагүй байхад аль хэдийн талийгаач болсон мэт “амь насаа алдсан шатахууны агуулахын ажилтнуудын ар гэрт” хэмээн олон тоон дээр бичсэн нь шүүмжлэл дагуулаад буй.
Тэрээр өөрийн цахим хуудсандаа, “Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багт байрлах “Тэс Петролиум” ХХК-ийн шатахууны нөөц агуулахад гарсан гал өчигдөр 19 цагийн байдлаар бүрэн унтарлаа. Энэхүү гэнэтийн харамсалтай осолд амь насаа алдсан шатахууны агуулахын ажилтнуудын ар гэрт гүн эмгэнэл илэрхийлье. Хайран хүмүүс…” хэмээн бичжээ.