Нью-Йорк хотын захиргаа харх устгал хариуцах ажилтанд $170,000-ын цалин амлав

Нью-Йорк хотын захиргаа өчигдөр тус хотын хархны тоо толгойг цөөрүүлэх үүрэгтэй удирдах албан тушаалыг бий болгож, тохирох хүнийг хайж эхэлснээ зарлажээ.

“Мэрэгчдийн хор хөнөөлийг бууруулах газрын захирал” гэсэн нэртэй энэ албан тушаалыг хаших хүн мэдлэг, чадвар, туршлагаасаа хамаараад жилд $120,000-$170,000-ын хооронд цалин авах юм байна. Хот төлөвлөлт, төслийн менежмэнтийн туршлага, бакалаврын зэрэгтэй хүн ажлын байрны шаардлагыг хангах гэнэ. Үүнээс гадна хувь хүн нь “хархыг үзэн яддаг”, “төрөлхийн харгис хатуу ауратай” байх шаардлагатайг онцолжээ.

“Нью-Йоркийн хархны тоо толгойг бууруулахын төлөө шийдэмгий тэмцэх хүсэл сонирхолтой, алуурчны зөн совинтой хүний мөрөөдлийн ажил” гэж шинэ албан тушаалаа хотын захирагч Эрик Адамс тодорхойлсон байна.

АНУ-ын хамгийн том хотын нэг том асуудал нь харх юм. Зарим албан бус тооцооллоор Нью-Йорк хот 9 сая орчим хархтай гэдэг. 1842 онд тус хотод зочилсон Английн зохиолч Чарльз Диккенс хархтай холбоотой зовлон бэрхшээлийн талаар гомдоллон бичиж байжээ.

Хотын захиргаа энэхүү хортой мэрэгчээс салах янз бүрийн арга хэрэглэж, жил бүр олон саяыг зарцуулдаг. Нью-Йорк хотод бас “Rat Academy” нэртэй сургалтын байгууллага байдаг ба оршин суугчдад хархтай тэмцэх арга техник заадаг байна.Гэсэн хэдий ч хархны тоо толгой огт буурахгүй байгаа. Энэ оны эхний есөн сарын хугацаанд хотын захиргаанд харх үзэгдсэн тухай 21,500 мэдээлэл ирсэн нь өнгөрсөн оны ижил хугацаанд ирсэн 18,000 орчим мэдээллээс өссөн үзүүлэлт болжээ.

Эх сурвалж: AFP

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *