Б.Чойжилсүрэн: -30 градус давж хүйтэрсэн өдрүүдэд ОХУ-аас импортын цахилгаан эрчим хүч авч давлаа
УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар хэлэлцэж байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Сүүлийн хэд хоногт -30 градус давж хүйтэрсэн өдрүүдэд тухайлбал, арваннэгдүгээр сарын 29-ний 19:00 цагт төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1,441 мВт хүрлээ. Энэ нь өмнөх оны хамгийн их ачааллаас 54 мВт-аар буюу дөрвөн хувь, өмнөх оны мөн үеийнхээс 134 мВт-аар буюу 10 хувиар их байна. Энэхүү оргил ачааллыг эрчим хүчний салбар суурилагдсан бүрэн хүчин чадлаараа ажиллаж, дээр ОХУ-аас 270 мВт-ын импортын цахилгаан эрчим хүч авч байж давлаа. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд Дулааны гуравдугаар цахилгаан станц, Дарханы дулааны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлын нийлбэрээс ч өндөр давсан ачаалал нэмэгдсэн. Оргил ачааллыг давахад Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын 89 мВт, Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын 35 мВт, Дарханы дулааны цахилгаан станцын 35 мВт-ын өргөтгөл ашиглалтад орсон нь ихээхэн үүрэг гүйцэтгэж байна” хэмээв.