О.Цогтгэрэл: Хүн төрөлхтөн сансар эрхэс, робот ярьж суухад талын Монголчууд бид лаа чүдэнз зэхэх талаар хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Эрчим хүчний зорилт болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан томоохон төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн явц, тулгамдаж байгаа асуудлын талаар мэдээлэл сонсож байна.
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн, “Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн систем төвийн, өмнөд, баруун, Алтай, Улиастайн гэсэн таван хэсгээс бүрдэж байна. Сүүлийн хэд хоногт буюу -30 градус давж хүйтэрсэн өдрүүдэд тухайлбал, XI сарын 29-ний 19:00 цагт төвийн бүсийн нэгдсэн сүлжээний оргил ачаалал 1441 мВт хүрлээ. Энэ нь өмнөх оны хамгийн их ачааллаас 54 мВт-аар буюу дөрвөн хувь, өмнөх оны мөн үеийнхээс 134 мВт-аар буюу 10 хувиар их байна. Энэ оргил ачааллыг эрчим хүчний салбар суурилагдсан бүрэн хүчин чадлаараа ажиллаж, ОХУ-аас 270 мВт-ын импортын цахилгаан эрчим хүч авч байж давлаа. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн хугацаанд Дулааны гуравдугаар цахилгаан станц, Дарханы дулааны цахилгаан станцуудын суурилагдсан хүчин чадлын нийлбэрээс ч өндөр давсан ачаалал нэмэгдсэн. Ард иргэддээ бага нөлөөтэй байх үүднээс том хэрэглэгчид дээр оргил ачааллын цагаар хязгаарлалт хийнэ” гэлээ.
Харин Ардчилсан намын бүлгийн дарга О.Цогтгэрэл, “Хөгжлийг хөдөлгөгч түлхүүр байх ёстой ч, хөгжлийг боймлогч болж хувирсан нь эрчим хүчний салбар. 30 жилийн өмнө л тог хязгаарлана гэж яригддаг байлаа. Гэтэл урсгал засвараа ч хийж амжаагүй энэ салбар дахин ингэж яригдаж байна. Бид урагшаа биш арагш ухарч байна. Бизнес эрхлэхэд хамгийн их саад болж байгаа нь энэ салбар болж хувирлаа. Энэ бүхэн хатуу төрийн гар үзсэний л хар гай. Эрчим хүчний салбар багадсан гуталтай хүн шиг эдийн засгийн өсөлтийг барьж байна. Үе үеийн Засгийн газар мэдсээр ирсэн.Улсаараа дулаан, цахилгаангүй болох эрсдэл байгааг салбарын сайд нар нь мэдэгдсээр л байна. Ийм нөхцөлд үйлдвэрлэл хөгжих, эдийн засаг ярих даанч харамсалтай байна. Алдагдлын хэмжээ нэмэгдсээр дээд хэмжээнд хүрч байна. Хүн төрөлхтөн сансар эрхэс, робот ярьж суухад талын Монголчууд бид лаа чүдэнз зэхэх, гал алдахад яах тухайгаа тулга тойрон шивнэлдэцгээж сууна” гэлээ.