ЖДҮ-ийн хэргээр ял сонссон Г.Солтаныг Ерөнхийлөгчийн УУЧЛАЛААР СУЛЛАЖЭЭ
УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг өнгөрөгч 2020 онд улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө давуу байдал бий болгох гэмт хэрэгт хатгагчаар оролцон үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 3 жил хорих ял оногдуулсан.
Учир нь Г.Солтан нь УИХ-ын гишүүний бүрэн эрхийг хэрэгжүүлэх явцдаа өөрийн үүсгэн байгуулсан, захирлаар нь өөрийн хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг ажилладаг өөрийн хамаарал бүхий “Монгол шаазан” компанид “Малын тэжээл үйлдвэрлэх” төслийн зориулалтаар урт хугацааны хөнгөлттэй зээл авахын тулд УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт хууль бусаар нөлөөлөн төсөл сонгон шалгаруулах хорооны дарга гишүүдэд тухайн төслийг “Улстөрд нөлөө бүхий хүнтэй холбоотой учраас шалгаруулах шаардлагатай” гэж хэлж, хууль бус үүрэг 2018-05-14-ны А/88 дугаартай тушаалаар “Монгол шаазан” компанид 950 сая төгрөгийг урт хугацаатай хөнгөлттэй зээл олгох шийдвэр гаргуулж, өөрт болон өөрийн гэр бүлд эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд хатгагчаар хамтран оролцсон гэм буруутай гэж үзсэн юм.
Уг шийдвэрийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Улсын Дээд шүүх хэвээр үлдээгээд байсан юм. Тэгвэл түүнийг өчигдөр /2021.03.25/ цагаатгасан тухай мэдээллийг ойр дотныхон нь цахим орчинд нийтэлжээ.
Гэхдээ түүнийг цагаатгах бус Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд 11 Казах иргэнд уучлал үзүүлсний дотор Г.Солтан багтсан байна.
.