ИНДОНЕЗ: Гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцаанд хорих ял оноож болзошгүй
Индонезийн парламент гэрлэлтээс гадуурх бэлгийн харилцааг гэмт хэрэг гэж үзэн нэг жил хүртэлх хугацаагар хорих эрүүгийн хуулийн төслийг хэлэлцэх гэж байна.
Түүнчлэн гэрлэлтээ албан ёсоор батлуулахаас өмнө хосуудыг нэг гэрт хамтран амьдрахыг нь хориглохоор төлөвлөж буй аж. Хуулийн төслийг 12-р сарын 15-нд хэлэлцэнэ гэж Индонезийн Хууль зүйн дэд сайд Эдвард Омар Шариф Хайреж Reauters агентлагт ярьжээ.
Энэхүү хуулийн төслийг Исламын зарим бүлэглэл дэмжиж байгаа бол 1998 онд Сухартогийн дэглэмийг унагасны дараа хэрэгжүүлсэн либерал шинэчлэлийг үгүйсгэсэн үйлдэл болж байна гэж эсэргүүцэгчид үзэж байна. Исламын шашинтай хүн амынхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг Индонез улсад эмэгтэйчүүд, шашны цөөнхүүд, ЛГБТ хүмүүсийн эрхийг хязгаарласан олон зуун хууль, дүрэм мөрдөгддөг. Тухайлбал хүчингийн хохирогчоос бусад тохиолдолд үр хөндөлт хийлгэхийг хуулиараа хатуу хориглодог аж.