Б.Бат-Эрдэнэ: Иргэдийг дуртай газраа очиж, аялахыг хориглосон зүйл байхгүй
УИХ-ын чуулганы хуралдаан болж байна. Хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Тус хуулийн шинэчилсэн найруулгад иргэдийн хийгээд тур оператор компанийн эрх ашгийг зөрчсөн хэд хэдэн хуулийн заалт байгаа талаар аялал жуулчлалын салбарынхан мэдээлээд буй. Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрээр “Дотоодын аялагчид энд тэнд очоод, майхан бариад аялаж болохгүй гэж яриад байна. Энэ буруу мэдээлэл. Улсын аялал жуулчлалын бүс, орон нутгийн аялал жуулчлалын бүс гэж хоёр гаргаж байгаа. Улсын аялал жуулчлалын бүс гэдэг нь Монгол Улсын тусгай хамгаалалттын бүс буюу тусгай хамгаалалтад авчихсан байгаа газрууд дээр аялал жуулчлалыг зохистой ашиглалтаар нь хөгжүүлэхийг тулд отоглох цэг бий болгоно. Улмаар тусгай хамгаалалттай газруудаар аялахдаа зөвхөн отоглох цэгүүд дээр үйлчлүүлэх тухай тусгасан. Хуулинд орон нутгийн аялал жуулчлалын бүс гэдгийг хамтатгаад оруулчихсан байна лээ. Энийг хасах ёстой гэж харж байгаа. Зөвхөн тусгай хамгаалалтын газар үйлчлэх заалт юм. Түүнээс биш иргэд дуртай газраа очиж, аялдаг байдлыг болиулж байгаа агуулга байхгүй” гэлээ.