Японы каннибалист 73 насандаа өөд болжээ
“Кобэгийн каннибалист” нэрээр дэлхий дахинд алдаршиж байсан Японы иргэн Иссей Сагава 73 насандаа өөд болсныг өчигдөр зарлажээ.
Сагава арваннэгдүгээр сарын 24-ний өдөр нас барсан ба оршуулгыг нь зөвхөн төрөл садны хүрээнд цомхон зохион байгуулсныг түүний дүү, найз хоёрын хамтарсан мэдэгдэлд өгүүлсэн байна.
Сагава 1981 онд Парис хотод суралцаж байхдаа Нидерландын оюутан Рене Хартвелтыг гэртээ урьж байжээ. Тэрбээр оюутан эмэгтэйг хүчиндэж, буудаж алсныхаа дараа махных нь зарим хэсгийг гурван өдрийн турш идсэн байдаг.Дараа нь Сагава цогцсын үлдэгдлийг Бульоны цэцэрлэгт нуух гэж яваад баригдаж байжээ.
Мэргэжилтнүүд сэтгэцийн хувьд эрүүл биш, хариуцлага хүлээх чадваргүй гэж дүгнэсэн тул түүнийг Францын эмнэлэгт хэсэг хугацаанд эмчилж байгаад Японд шилжүүлж байв.
Японы эрх баригчид Сагаваг эрүүл гэж дүгнэсэн ч нэгэнт Францын шүүх хэргийг нь хэрэгсэхгүй болгосон тул хариуцлага хүлээлгэлгүй, суллаж байжээ.
Сагава сүүлд үйлдсэн гэмт хэргийнхээ талаар дэлгэрэнгүй бичсэн “Манан дунд” нэртэй дурсамж номоо нийтлүүлж, нэлээд хэмжээний ашиг олж байв.
Хэвлэлд өгсөн ярилцлагууддаа, 2017 онд гарсан “Caniba” нэртэй баримтат кинонд тэр бас гэмт хэрэг хэрхэн үйлдсэнээ болон хүний маханд хэрхэн донтож байснаа дэлгэрэнгүй ярьж байжээ.
Японы зохиолч Жүро Кара энэхүү аймшигт хэргийн тухай бичсэн “Сагавагаас ирсэн захидлууд” нэртэй номоороо 1982 онд Акутагавагийн нэрэмжит шагналыг хүртэж байсан юм.