Ганын баг Өмнөд Солонгосыг шөвгийн 16-д шалгарахад тусалсны дараа “Ghana” шоколадны борлуулалт өсжээ
Өнгөрсөн Баасан гарагт хөл бөмбөгийн ДАШТ-ий H хэсгийн сүүлчийн тойргийн тоглолтод Ганын шигшээ баг Уругвайн шигшээ багт 2:0 харьцаагаар хожигдсон нь Өмнөд Солонгосын шигшээ багийг хасагдах шатанд шалгарахад тус болсон юм.
Тухайн өдөр Португалийн шигшээ багийг солонгосчууд 2:1 харьцаатай хожсон ч Ганын шигшээ Уругвайд 2-оос олон гоолоор хожигдвол шөвгийн 16-д шалгарах боломжгүй болохоор байв.
Энэхүү тоглолтын дараа Lotte Confenctionary компанийн “Ghana” брэндийн шоколадны борлуулалт огцом өссөн тухай Өмнөд Солонгосын GS25, CU жижиглэн худалдааны дэлгүүрийн сүлжээнүүд мэдээлжээ.
Тухайлбал Катарт ДАШТ эхэлсэн арваннэгдүгээр сарын 18-ны өдөртэй харьцуулахад өнгөрсөн Бямба гарагт энэхүү бүтээгдэхүүний борлуулалт 46.5 хувиар өссөн тухай GS25 сүлжээ мэдээлсэн байна.
“Ghana” шоколадны борлуулалт өнгөрсөн амралтын өдрүүдэд 32.7 хувиар өссөн тухай CU дэлгүүрийн сүлжээ бас мэдээлжээ. Энэ өсөлт Ганын шигшээ баг Өмнөд Солонгосын шигшээ багийг шөвгийн 16-д шалгарахад тусалсантай холбоотой гэж таамаглаж байгаагаа дээрх байгууллагууд тайлбарласан байна.
“Ghana” шоколаднаас гадна согтууруулах ундаа, бэлэн хоол хүнсний борлуулалт шигшээ багийнх нь хожлын дараа эрс нэмэгдсэн тухай бас мэдээлжээ.
Тухайлбал Өмнөд Солонгосын CU салбаруудад шар айраг, дарс, виски, сөжү архины борлуулалт ДАШТ эхэлсэн өдөртэй харьцуулахад Баасан гарагийн орой 155, 124, 121, 120 хувиар тус тус өссөн байна.
Ижил хугацаанд шарсан тахиа, хатаасан хүнс, бэлэн хоолны борлуулалт тус бүр 193, 161, 171 хувиар бас өсжээ.
Эх сурвалж: Korea Times