Жагсаалын хажуугаар ШОУ хийгчид
Өчигдөр /2022.12.04/ Сүхбаатарын талбайд иргэд “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” хэмээн Засгийн газраас шаардаж эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан. Тэд өглөө 10.00 цагаас оройны 00.00 хүртэл жагссан. Сүхбаатарын талбайгаас гадна “Их тэнгэр”-ийн гадна мөн жагсаал зохион байгуулсан юм.
Гэтэл иргэдийн зохион байгуулсан жагсаалаар шоу хийж, од болохыг хүссэн УИХ-ын гишүүд энэ завшааныг алдсангүй. Тодруулбал, УИХ-ын гишүүн С.Ганбаатар үндсэн үүргээ биелүүлж ард түмэндээ “Нүүрсний хулгай”-н хэрэгтэй холбоотой төрийн нууц материалыг задалж, толгой удирдагчдын нэрсийг зарлана хэмээн гурван хүний нэрийг зарлаад дуусав. Дараах нь УИХ-ын гишүүн Т.Доржханд “Иргэд гадаа жагсаж байхад ХҮН ордонд жагсаж тэмцэнэ” гэж сүржин үгээр мэдээлэл хийв.
Тэдний зорилго өнгө нь талдаа “ард түмний төлөө” гэсэн атал “Нүүрсний хулгай”-н ард байгаа нөхдөө нууж, хэдхэн хүнээр туг тахих бодлоготой байв уу. Учир нь тэдэнд энгийн иргэдээс илүү мэдээлэл, эрх мэдэл байхад өмнө нь таг дуугай байсан хэр нь одоо иргэд эл хэргийн үнэ учрыг мэдэж жагсаал өрнүүлж эхлэхэд энхийн цагаан тагтаа шиг ард иргэдийнхээ талд гэж түрүүлж дуугарч байгаа нь биеэ хамгаалах гэсэн үйлдэл хийж эхлэв үү.