Х.Нямбаатар: Оюутолгойн далд уурхайн зардал 30 хувь хэтэрсэн нь Монгол Улсад хохиролтой
Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2021.03.26/ Рио Тинтотой холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, “Рио Тинтогийн эзэмшил дэх компанийн хувьцаа эзэмшигчид АНУ-ын Нью-Йорк мужийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Жижиг хувьцаа эзэмшигчдийн шүүхэд өгсөн нэхэмжлэлд Оюутолгой төсөл ажиллаж байсан нэр бүхий 12 ажилтныг гэрчийн мэдүүлэг өгүүлж, далд уурхайн зардалд хэтэрсэн бодит шалтгааныг Рио тинто нуун дарагдуулсан гэсэн асуудлыг хөндөн, одоогийн байдлаар уг асуудал яригдаж байна.
Гэрчүүд хатуухан мэдээлэл өгсөн. Тухайлбал, 2012 оноос хойш Рио Тинто Оюу толгой төслийн геологи, гео техникийн нөхцөл байдлыг мэдэж байсан. Геологийн хүндрэл бол худал яриа юм гэсэн мэдээллийг өгсөн. Уг асуудалтай холбогдуулан хөрөнгө оруулагчдад хувьцааны ханшид нөлөөлж болзошгүй мэдээллийг цаг тухайд нь өгөөгүй, нуун дарагдуулсан, үнэт цаасны холбогдох хорооны журмыг зөрчсөн гэх асуудлаар АНУ-ын “Үнэт цаасны зохицуулах хороо” болон Их Британийн “Санхүүгийн зохицуулах зах зээлийн алба”, “Санхүүгийн гэмт хэргийн алба” хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Засгийн газар эдгээр байгууллагуудтай харилцан хамтарч ажиллаж байна.
Үүнтэй холбоотой далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хөрөнгө оруулагчийн алдаатай үйл ажиллагаанаас өссөн тохиолдолд бид хөрөнгө оруулагчийн талтай хэлэлцээрийн дараагийн шатанд хариуцлагын асуудлыг хөндөнө.
Далд уурхайн бүтээн байгуулал анх 5.3 тэрбум америк доллараар төсөвлөсөн байсан. Харин одоогийн байдлаар 30 хувиар хэтэрч, нийт төсвийн зардал 6 тэрбум 750 сая америк доллар болоод байна. Мөн 2 жилээр хоцорч байна. Энэ нь Монголын талд ирэх ногдол ашгийн үр өгөөжийг төдий чинээ хугацаагаар хойшлуулж байна. ” хэмээлээ.