Хүүгээ алдсан ээжийн сэтгэл санааны хохирлыг нөхөн төлүүлжээ
Иргэн Б тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа долоо настай хүүг мөргөж, амь насыг нь хохироожээ. Иймд хүүгийн ээж болох Т нь гэм буруутай этгээдээс сэтгэл санааны хохирол 3,678, 800 төгрөг болон хүүхдийг долоо нас хүртэл өсгөж хүмүүжүүлсний зардал хэмээн 16,321,200 төгрөгийг нэхэмжилсэн байна. Хэргийг анхан болон давж заалдах шатны шүүх сэтгэл санааны хохирлыг гаргуулах хуулийн зохицуулалт байхгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Харин улсын дээд шүүх хэргийг хянан хэлэлцээд “Иргэний хуулийн гэм хорын ерөнхий зохицуулалтад эдийн болон эдийн бус гэм хорыг арилгах агуулга, зарчим тусгагдсан байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд сэтгэл санааны хохирлыг гаргуулах үндэслэлтэй” гэж дүгнэн нэхэмжлэгчээс сэтгэл санааны хохиролд шаардсан 3,678,800 төгрөгийг хариуцагч төлөх үүрэгтэй гэж шийдвэрлэсэн байна. Харин хүүхдийг өсгөн хүмүүжүүлэхэд гаргасан зардал нь хариуцагчийн гэм буруутай үйлдлээс болж нэхэмжлэгчид учирсан хохирол биш, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь эцэг, эхийн хуулиар хүлээсэн үүрэг тул холбогдох шаардлагыг хангах хууль зүйн үндэслэлгүй гэж үзжээ.