Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ суманд дахин газар хөдлөжээ
Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс зүүн урд зүгт 22 километрийн зайд энэ өглөө 7.59 цагт 4.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө.
Уржигдар мөн сумын төвөөс зүүн зүгт 18 километрийн зайд 22.40 цагт 4.9 магниутдын хүчтэй газар хөдөлснийг ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэн мэдээлсэн билээ.
Монгол Улс төв Азийн газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнгөрсөн зуунд 7 ба түүнээс дээш магнитудын хүчтэй газар хөдлөл 20 гаруй удаа болжээ. Магнитуд нь 8 хүрсэн нэн хүчтэй газар хөдлөлт манай оронд 4 удаа бүртгэгдсэн байдаг аж.
Ташрамд мэдээлэхэд, магнитуд гэдэг нь газар хөдлөлтийн төвд багажаар хэмжсэн үзүүлэлт бол, газрын хөрсөн дээр хүн болон барилга байгууламжид нөлөөлөх хүчийг баллаар хэмждэг. Газар хөдлөлтийн баллын хэмжээ 3-4 байвал хүнд мэдрэгдэх боломжтой, 6 баллаас хэтэрвэл барилга байгууламжид эвдрэл үүсэх магадлалтай, арваас хэтэрвэл барилга байгууламж нурах аюултай.
Эх сурвалж: Montsame.mn