ХБНГУ-д төрийн эрх булаахаар төлөвлөж байсан бүлэглэлийн гишүүдийг баривчилжээ
Цагдаагийн 3000 гаруй албан хаагч, тусгай хүчний олон зуун албан хаагч ХБНГУ-ын 16 мужийн 11-т нь баривчилгаа явууллаа.
ХБНГУ-ын эрх баригчид барууны экстремист үзэлтнүүдийн эсрэг өмнө байгаагүй өргөн хүрээг хамарсан баривчилгаа зохион байгуулжээ. Албаныхны мэдээлснээр орон даяар явагдсан энэхүү ажиллагааны үр дүнд Засгийн газрыг түлхэн унагах дотоодын террорист бүлэглэлийн төлөвлөгөөг таслан зогсоосон байна.
Лхагва гарагт 3000 гаруй цагдаагийн албан хаагч, тусгай хүчний олон зуун албан хаагч ХБНГУ-ын 16 мужийн 11-т нь баривчилгаа явуулжээ. Нийт 25 сэжигтнийг саатуулсны дотор бүлэглэлийн толгойлогч хэмээн сэжиглэгдэж буй иргэн, мөн цагаачдын эсрэг үзэлтэй AfD намаас сонгогдож байсан Парламентын гишүүн асан зэрэг хүмүүс багтжээ.
Баривчлагдсан этгээдүүд нь тус улсын одоогийн Холбооны Бүгд Найрамдах ардчилсан засаглалаас татгалзаж, Дэлхийн I дайны өмнөх милитарист Хаант засаглалын дахин тогтоох зорилго бүхий “Reichsbürger” нэртэй хөдөлгөөний гишүүд аж. Тэд Рейхстаг буюу Парламентын ордныг хүчээр эзлэхээр төлөвлөж байсан гэдгийг Холбооны прокурор мэдээлсэн ч дайралтаа хэзээ товлосон байсан нь тодорхойгүй байна.
Тус бүлэглэлийн толгойлогч гэгдэж буй этгээд нь язгууртан удам угсаатай, Ройссийн хунтайж Хайнрих XIII гэх цолтой нэгэн бөгөөд тухайн өдөр Франкфурт дахь гэрээсээ баривчлагдсан аж. Бүлэглэлийн гишүүд Канцлер Олаф Шольц албан үүргээ хүлээн авснаас нэг сарын өмнө буюу 2021 оны 11 дүгээр сараас эхлэн тогтмол цуглаж уулзалддаг болсныг тогтоожээ.