|

Х.Нямбаатар: Дургүй хүмүүсээ нэрийг нь зоож байгаад энэ бүгд нүүрсний хулгайч гээд зарлаж болохгүй

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр /2022.12.08/ Сүхбаатарын талбайд жагсч байгаа иргэдэд шаардлагынх нь хариуг өгөхөөр гарч ирлээ.

Тэрээр, “Урьд шөнө АТГ, ЦЕГ хамтран мөрдөн шалгах ажиллагаа явуулаад “Эрдэнэс Тавантолгой” компанийн захирал асан Б.Ганхуяг нарын найман хүнийг цагдан хорьсон. Яг одоо АТГ-т нэр бүхий 11 хүнийг дуудан,  шалгаж байна. Өнөө өглөө 07.00 цагт ЦЕГ, АТГ-ын 40 хүн Цогтцэций суманд ажиллахаар явсан, яг одоо Дундговь аймаг өнгөрөөд явж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 2009 оноос хойш Тавантолгойн уурхайд хэчнээн хэмжээний уулын цулыг олборлосон юм бэ гэдгийг хэмжих мэргэжлийн хүмүүс явсан. Хил гаалийн байгууллагууд явсан.

Манайх хуультай улс учраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж, нүүрс хэн хулгайлсныг тогтооно.Мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлээд 21 аймгаас 100 гаруй мөрдөгч гаргаад ажиллаж байна. Хүнийг үндэслэлгүйгээр буруутгаж болохгүй. Эхнээсээ барьж хориод явж байна.

Шаардлагатай гэж үзвэл Эрдэнэс-Тавантолгой, жижиг Тавантолгойн санхүүгийн тайлан мэдээллийг Соёлын төв өргөөнд ил болгочихъё. Санхүүгийн тайлан, хил гаалиар гарсан машин, тээврийн хэрэгслийн бүртгэл, жагсаалтыг ил болгоё гэж байгаа юм. Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг баримт нотолгоон дээр үндэслэж байж хэн нэгнийг буруутгана уу гэхээс биш шууд өөртөө дургүй хүмүүсээ нэрийг нь зоож байгаад энэ бүгд нүүрсний хулгайч гээд зарлаж болохгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу ажиллагаа хийгдэнэ. Мөрдөн шалгах ажиллагаа гэдэг заавал баримт нотолгоон дээр суурилах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулиас гадуур хэнийг ч буруутгаж чадахгүй гэдгийг хэлье” гэлээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *