Нээлттэй сонсголд оролцох төлөөллүүдийг энэ сарын 20-ныг хүртэл бүртгэнэ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос энэ сарын 21-нд зохион байгуулах Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд оролцох иргэн, хуулийн этгээд, хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллүүдийн бүртгэл энэ сарын 20-ны өдрийн 17.30 цаг хүртэл үргэлжилнэ.

Тус сонсголд оролцох хуулийн этгээд нь овог, нэр, регистрийн дугаар, оршин суугаа газрын буюу шуудангийн хаяг, гарын үсэг, холбогдох утасны дугаараа бичсэн хүсэлтээ бичгээр болон цахим шуудангаар захидал хэлбэрээр илгээх юм. Тодорхой асуудлаар санал хэлэх, тайлбар, дүгнэлт гаргах төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд болон ажиглагч нь сонсгол болохоос ажлын хоёроос доошгүй өдрийн өмнө буюу энэ сарын 17-ны өдрийн дотор Эдийн засгийн байнгын хороонд бүртгүүлж, санал, тайлбар, мэдээллээ бичгээр ирүүлж болох аж. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлч сурвалжлагчид оролцох тохиолдолд хүсэлтээ УИХ-ын Тамгын газарт албан бичгээр ирүүлэх бөгөөд бүртгэл дуусмагц нэрсийг УИХ-ын албан ёсны цахим хуудаст байрлуулах юм.

Сонсгол явуулах сэдэв: 

1.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /Оффтейк/ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар;

2.Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл болон шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаарх мэдээлэл;

3.Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан. Энэхүү үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх;

4.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай гэх зэрэг асуудлыг хэлэлцэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *