ТАНИЛЦ: Нүүрсний хулгай гэх хэрэгт шалгагдаж байгаа хүмүүсийн нэрсийн жагсаалт
Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдсан. Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар жагсагчдын зүгээс нүүрсний хулгайн хэрэгт оролцсон хүмүүсийн нэрсийг зарлахыг шаардсаны дагуу мэдээлэл хийв.
Тэрбээр, “Хууль дээдлэх зарчмын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж байж нүүрсний хулгайн хэрэгт ямар хүн холбогдсоныг шүүхэд шилжүүлж байж мэдээлэх хэрэгтэй. Мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж байна. Өнөөдрөөс эхэлж нүүрсний хулгайн хэрэгт нэр холбогдсон нөхдийг байцааж эхэлсэн. Улаанбаатар хотод АТГ, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг бичиг баримтад үзлэг шалгалт хийх, гэрээтэй холбоотой тайлбар мэдүүлэг авах ажлыг шалгаж байна.
Эхний ээлжид ЕПГ-аас ирсэн авто тээврийн үндэсний төвийн албан тушаалтнууд өөрсдөдөө давуу байдал бий болгож, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон тул шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл байна. Тодруулбал,
- БНХАУ-ын иргэн Ву Юун Далай гүйцэтгэх захиралтай “Азын хишиг дэлгэрэх” ХХК
- “Дагалай шарга наян найм транс” ХХК
- “Далингийн хишиг тээвэр” ХХК
- “Ивээл сар транс” ХХК
- “Хишигсайхан Ундрах” ХХК
- БНХАУ-ын иргэн Ли Бин Бин эзэмшдэг “Гуоху” Олон улсын тээвэр ХХК
- БНХАУ-ын “Айша Мин Дулин” экспорт иппортын худалдаа компанийн хувь эзэмшдэг “NHIDL Дүүлэн” ХХК
- Нүүрс тээвэрлэлт явуулдаг “Этекар” ХХК
- “Их хүрэн хар” ХХК
- “Монпорт” ХХК
- “Тавантолгой шинэ” ХХК
- “Мөнхзоригт транс” ХХК
- “Мөнхийн буухай” ХХК
- “Эм Би Эм транс” ХХК
- “Галбын түмэн хүлэг” ХХК
- “Жавхлан жолоо” ХХК
- “Элийн цагаан харгуй” ХХК
- “Сан тээвэр групп” ХХК
- “Ульган сар транс” ХХК
- “Тэнгэри транс групп” ХХК
- “Баянгол транс” ХХК гэх дээрх компаниудад авто тээврийн үндэсний төвийн холбогдох албан тушаалтнууд өөрсдөдөө давуу байдал бий болгож, авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.
Энэ бол нүүрс тээвэртэй холбоотой хэргийн нэгээхэн хэсэг нь юм. ЗГ-аас 2020 оны дөрөвдүгээр сард авто тээврийн тухай хуульд өөрчлөлт оруулж C зөвшөөрлийг авто тээврийн үндэсний төв олгодгийг бүр мөсөн халах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй байна. Үүнээс болж авто тээврийн үндэсний төвийн дийлэнх алба хаагчид авлигын хэрэгт холбогдлоо” хэмээв.