ШӨХТГ: “Юнивишн“ ХХК ХХЗХ-ноос зөвшөөрөл өгөөгүй байхад үнээ нэмсэн нь тогтоогдсон
Сүүлийн үед “Юнивишн” ХХК үнэ тарифаа нэмэгдүүлсэн асуудлаар иргэд нэлээн шүүмжлэлтэй хандаж буй. Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-аас “Юнивишн” ХХК үнэ тарифаа нэмэгдүүлсэн асуудлаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр ШӨХТГ-ын дарга С.Мөнхчулуун “Үнэ тарифаа нэмсэн асуудалтай холбоотой судалж үзэхэд, харилцаа холбооны салбар нь өөрөө зохицуулалттай салбар. Өрсөлдөөний тухай хуулийн 6.5-д зохицуулалттай салбарт буюу харилцаа холбооны зохицуулах салбараар зохицуулагдаж буй үнэ тарифыг өрсөлдөөний тухай хуулиар хянахгүй гэдэг заалт бий. Өөрөөр хэлбэл, үнэ нэмсэн асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороо хянаж байж, нэмэгдүүлэх ёстой байсан байна. Хяналт шалгалтын хүрээнд эл асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хорооноос тодруулахад Харилцаа холбооны зохицуулах хороонд үнэ нэмэх гэж буй талаараа мэдээлэл хүргүүлсэн боловч зөвшөөрөл өгөөгүй байхад үнээ нэмсэн байна гэдэг нь тогтоогдож байгаа. Тэгэхээр үнэ нэмсэнтэй холбоотой асуудлыг Харилцаа холбооны зохицуулах хороонд шилжүүлж байна” гэлээ.