“Дөрөвдүгээр сарын 5-19-нд ХАТУУ ХӨЛ ХОРИО тогтоох магадлал ӨНДӨР байна”
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ коронавирусийн эсрэг вакциныг татан авах ажлыг хэрхэн зохион байгуулж буй талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Монгол Улс хүн амаа вакцинжуулсан үзүүлэлтээрээ Ази, Номхон далайн бүс нутагтаа Сингапур улсын дараагаар хоёрдугаарт явж байна. Дэлхийд 16-17 дугаарт бичигдэж байна. Дөрөвдүгээр сард вакцинжуулалтыг өргөн хүрээнд хийнэ.
Бид ОХУ-тай 300 000 тунг нь тусламжаар, нэг сая тунг арилжааны шугамаар авахаар хөөцөлдсөн. Өчигдөр Элчин сайд Д.Даваа утасдаж, манай дугаарлалт урагшилсан тухай таатай мэдээ дуулгасан. Өнөөдрөөс гэрээ хэлэлцээр хийгдэнэ. Мөн Энэтхэг улсын Засгийн газартай АстраЗенека вакцин авахаар хэлэлцэж байгаа. БНХАУ-аас 900 000 орчим тунг авна. Дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө 300 000 орчим нь ирнэ. Үүний зэрэгцээ Япон улсын Засгийн газартай КОВАКС хөтөлбөрийг хэрхэн наашлуулах талаар ярилцаж байгаа.
Цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Бид амалсныхаа дагуу хатуу хөл хорио тогтоох болбол 10-14 хоногийн өмнө мэдээлнэ гэж зарласан. Одоогоор дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр байна. Өнөөдөр Засгийн газрын зарим гишүүн, Улсын Онцгой комисс болон нийслэлийн удирдлагууд хамтарсан хурал хийж, нөхцөл байдлыг дахин үнэлнэ. Хөл хорио тавихгүй байхын төлөө эцсийн мөч хүртэл Засгийн газар зогсоно. ” гэсэн юм.