С.Амарсайхан: Иргэдэд 2020 оноос хойших цар тахлын төсвийн зарцуулалтыг дэлгэрэнгүй, нэг бүрчлэн мэдээлнэ
Өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар ковидын үеийн төсвийг ил тод болгох асуудлыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд даалгасан. Өөрөөр хэлбэл Улсын төсөв, аймаг, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө, мөн олон улсын байгууллагын зээл, тусламжаар ковидын үед зарцуулсан зардлуудыг бүхэлд нь олон нийтэд ил тод болгох ажлыг хийнэ хэмээн ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Шадар сайд С.Амарсайхан мэдээлэл өглөө.
Тэрбээр, “Халдварын үеийн зарцуулалттай холбоотой асуудлыг Сангийн болон Эрүүл мэндийн яам хариуцсан тул үүнд аудитын шалгалтыг өнгөрсөн 2-3 сарын хугацаанд оруулсан. Ингэхдээ үндэсний болон хөндлөнгийн аудитыг оруулж, зарцуулалтын талаарх дүгнэлт урьдчилсан байдлаар бэлэн болж байна. Албан ёсоор эцэслэсний дараа надад мэдээлэл нь ирэх юм. Ирсэн даруйд Сангийн болон Эрүүл мэндийн сайд, холбогдох албаныхан, иргэдэд 2020 оноос хойших цар тахлын төсвийн зарцуулалтыг дэлгэрэнгүй, нэг бүрчлэн мэдээлнэ. Би хувьдаа аудит оруулахгүйгээр олон нийтэд зарлах боломжгүй хэмээн үзсэн. Гүйцэтгэлийн болон санхүүгийн тайланд ямар асуудал байгааг тодруулж байгаа” хэмээв.