С.Одонтуяа: Жагсагчдын хүний эрхийг хангаж СТӨ-ний нэг давхрыг нээж өгөх хэрэгтэй
Нүүрсний хулгайн хэрэгтэй тэмцэж арав дахь өдрөө төв талбайд жагсаж буй иргэдтэй УИХ-ын гишүүн С.Одонтуяа уулзжээ.
Тэрээр, “Өнөөдөр талбай дээр иргэд үгээ хэлж, үзэл бодол, бухимдлаа илэрхийлж байна. Ард иргэдийн амьдрал хүндэрсэн учраас тэсрэлт явагдаж байна. Тиймээс эдгээр хүмүүсийн үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нөхцөлийг бүрдүүлж СТӨ-ний нэг давхрыг иргэдэд нээлттэй болгох хэрэгтэй. Жагсагчид хоол цай идэж, бие засах нь анхан шатны хүний эрхийн асуудал шүү дээ. Би бас эмэгтэй хүнийхээ хувьд жагсаж буй эмэгтэйчүүд, ээжүүдэд санаа зовж байна. Бид үүрсний хулгайтай эвлэрэхгүй. Засгийн газар хариуцлагаа 100 хувь хүлээх ёстой. Энэ бол ардчилал бүдгэрсний гайгаар эрх баригчид даварсан үйлдэл юм. Парламентад тэнцвэртэй хувь эзэлдэг, Ардчилсан намын тамга, тэмдгээр тоглоогүй бол байдлыг дор, дор нь засаад явах боломж байсан байх. Нэг нам олонхоороо олон удаа засаглахын гайг ард түмэн амсаж байна. Тиймээс үүнд дуу хоолойгоо хүргэнэ” хэмээв.