“БИДНИЙ БАХАРХАЛ” ӨДӨРЛӨГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАВ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар улс орон даяар хэрэгжиж буй “Бидний бахархал” төслийн хүрээнд эх орны ирээдүй хойч болсон хүүхэд, залууст эх оронч үзэл хандлагыг төлөвшүүлэхэд чиглэсэн олон арга хэмжээг БХЯ-наас зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд өнөөдөр “Сэргээн засалт” МСҮТ, “Эрх билэг хан нийгэмлэг” хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан “Бидний бахархал” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгт БХЯ-ны ТЗУГ-ын дарга хурандаа С.Ванчинхүү, ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан, ЗХЖШ-ын орлогч дарга хурандаа Т.Галбадрах, ЦДБЭЧ-ын дарга хурандаа Г.Золзаяа, “Эрх билэг хан нийгэмлэг” ТББ-ын тэргүүн Ц.Оюунжаргал, “Сэргээн засалт” МСҮТ-ийн захирал Б.Алтмаа болон тус сургалтын төвийн оюутнууд, “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сонсогч нар оролцлоо.
Өдөрлөгийн хүрээнд “Сэргээн засалт” МСҮТ-ийн оюутнууд Монгол цэргийн музейгээр аялж монгол цэргийн аугаа түүх, соёлын биет үзмэрийг үзэж сонирхсон юм.
Үргэлжлүүлэн оюутан залуусыг ҮБХИС-ийн “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сонсогч нар хүндэтгэлтэйгээр угтан авч хүн нэг бүрийн зэвсэг, хэрэглэлээ дэлгэж танилцуулсны зэрэгцээ Хөгжмийн коллежийн сонсогч нар болон Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн офицер, ахлагч нар гардан тулааны ба бөмбөрийн үзүүлэх тоглолтоо толилууллаа. Мөн энэ үеэр Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгын уран бүтээлчид, “Тэмүүжин-Өрлөг” сургуулийн сонсогч нар, “Сэргээн засалт” МСҮТ-ийн оюутан, залууст зориулсан урлагийн тоглолтоо өргөн барьсан юм.
СОЁМБО РЕДАКЦ