Цэргийн төв эмнэлгийн ХӨДӨЛГӨӨНТ ЭМНЭЛЭГ 9000 км гаруй зам туулж, 5500 гаруй иргэнийг эрт илрүүлэг, үзлэг, оношилгоонд хамрууллаа
Энэ оны тавдугаар сарын 1-ний өдрөөс орон даяар хэрэгжиж эхэлсэн халдварт болон хавдрын өвчнийг илрүүлэх “Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо”-ны ажилд Цэргийн төв эмнэлэг суурин болон хөдөлгөөнт байдлаар оролцож, хүн ардынхаа эрүүл мэндийн үйл хэрэгт хүчин зүтгэлээ.
Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб болон төрлийн цэргийн командлалуудын цэргийн сургалт бэлтгэлийн төлөвлөгөөний дагуу цэрэгжилтийн спортын тэмцээн уралдаанд оролцох баг тамирчид, гадаад оронд сургуульд суралцах цэргийн алба хаагчид болон сонсогч нар, НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцох цэргийн алба хаагчид, ҮБХИС-д шинээр элсэн суралцагч сонсогч нарт хийгдэх ёстой төлөвлөгөөт эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг өнгөрсөн 5, 6, 7 дугаар саруудад хийсэн байна. Мөн аравдугаар сард БХЯ, ЗХЖШ-ын бие бүрэлдэхүүнийг үзлэг шинжилгээнд хамруулсан төдийгүй Улаанбаатар цэргийн хүрээний зарим анги нэгтгэл, БЗД-ийн энгийн иргэдийг үзлэг шинжилгээнд хамруулжээ.
Цэргийн төв эмнэлгийн хөдөлгөөнт үзлэгийн баг нь:
• 5 болон 6 дугаар саруудад Төв аймаг, Дорноговь аймгуудад ажиллаж амьдарч байгаа цэргийн алба хаагчид, тэдгээрийн ар гэр, энгийн иргэдэд,
• 8 дугаар сарын 8-наас 9 дүгээр сарын 20-ны хооронд төвийн бүсийн Өвөрхангай Баянхонгор, баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Завхан аймгууд болон хойд бүсийн Булган, Орхон, Дархан-Уул аймгууд дахь Зэвсэгт хүчний анги салбаруудад алба хааж буй цэргийн алба хаагчид, тэдгээрийн ар гэр, чөлөөнд гарсан ахмадуудад болон энгийн иргэдэд,
• 10 дугаар сарын 5-ны өдрөөс 10 дугаар сарын 13-ны хооронд Архангай аймгийн Жаргалант сумын иргэдэд,
• 11 дүгээр сард Булган аймгийн Баяннуур, Дашинчилэн, Гурванбулаг болон Рашаант сумын 800 орчим иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоо хийсэн байна.
Энэ хугацаанд хөдөлгөөнт үзлэгийн баг дээрхи аймаг сумдын нутгаар нийт 9000 км гаруй зам туулж, суурин болон хөдөлгөөнд байдлаар 5500 гаруй иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулж, эрүүл мэндийн зөвлөгөө өгчээ. Үзлэг оношилгоонд хамрагдсан иргэдэд дараах өвчлөл зонхилж байна. Үүнд:
• Ходоод 12 нугалаа гэдэсний шархлаат үрэвсэл, ходоодны архаг болон хурц үрэвсэл нийт илэрсэн өвчлөлийн 14,8%
• Элэгний вирусын шалтгаант үрэвсэл нийт илэрсэн өвчлөлийн 11%
• Артерийн даралт ихсэх өвчин нийт илэрсэн өвчлөлийн 9,8%
• Бүсэлхий нуруу орчмын мэдрэлийн ёзоорын өвдөлт нийт илэрсэн өвчлөлийн 6,2%
• Зүрхний хэм алдагдал болон дамжуулалтын хориг бүхий эмгэгүүд нийт илэрсэн өвчлөлийн 2,3% тус тус тохиолдсон байна.
Хөдөлгөөнт үзлэгийн баг цаашид зүүн болон өмнөд бүсийн аймгуудад үзлэг шинжилгээг үргэлжлүүлнэ.