Хууль зүйн байнгын хороо чуулганы өмнө хуралдана
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаан 10 цагаас эхэлнэ.
Хэдийгээр өнөөдөр чуулган хуралдах товтой ч 9 цагаас Хууль зүйн байнгын хороо хуралдахаар тогтжээ. Тус хуралдаанаар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Энэхүү хуулийн төслийг хоёр өдрийн өмнө Засгийн газраас УИХ-д яаралтай горимоор өргөн барьсан ба УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцэх эсэх шатны хэлэлцүүлгийг хийхэд дийлэнх гишүүдийн саналаар дэмжигдсэн юм.
Уг хуралдааны дараагаар Хууль зүйн байнгын хороо хуралдаж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах тухай асуудлыг хэлэлцсэн. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар ахлах бол бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Д.Цогтбаатар, Б.Энхбаяр нар ажиллах юм.