Их Британийн сувилагчид орон даяар ажил хаялаа
Их Британийн сувилагчдын үйлдвэрчний эвлэл үүсгэн байгуулагдсан 106 жилийн түүхэндээ анх удаагаа ажил хаялт зарлалаа. Англи, Уэльс, Умард Ирландад олон мянган сувилагч цалингийн хэмжээг нэмэхийг шаардсан ажил хаялтад нэгджээ. Пүрэв гарагт сувилагчид бүтэн өдрийн ажил хаялт зарласны улмаас олон хагалгаа хойшлогдож, эмнэлгүүдийн үйл ажиллагаа доголдсон байна. Сувилагчдын үйлдвэрчний эвлэл дараагийн ажил хаялтыг 12-р сарын 20-нд орон даяар зарлахаар товлосон.
Гэхдээ өвчтнүүдийн аюулгүй байдал чухал учир ажил хаялтыг дэмжиж байгаа зарим сувилагч биеэр оролцож чадахгүй ажлаа үргэлжлүүлэн хийх аж.
Их Британийн засгийн газар цалингийн хэмжээг 19 хувиар нэмэгдүүлэхийг шаардсан сувилагчдын шаардлагыг биелүүлэх боломжгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн. Засгийн газраас нь энэ оны эхээр сувилагчдын цалинг 1700 ам.доллар буюу 4,3 хувиар нэмэх санал тавьсан ч үйлдвэрчний эвлэл нь хүлээн авахаас татгалзсан юм.
360 мянга гаруй сувилагчтай Их Британи улсад сувилагчийн хомсдол тулгамдсан асуудлуудын нэг болоод байгаа юм. Тус улсад 47 мянган сувилагчийн сул орон тоо байгаа аж. Сувилагчдаас гадна Их Британийн төмөр замын ажилчид цалин нэмэхийг шаардан ажил хаялт зарласан. Цаашид шуудангийн ажилчид, түргэн тусламжийн жолооч нар ч бас ажил хаялтад нэгдэхээ мэдэгджээ.
Эх сурвалж: Eagle.mn