ДАШТ-ий алтан шаахайн эзэн Францын залуу од Мбаппе гэж хэн бэ
ДАШТ-ий шигшээ тоглолтын түүхэнд хэт трик (гурван гоол) хийсэн хоёр дахь тамирчин болж, алтан шаахайн эзэн болсон Францын залуу од Килиан Мбаппе гэж хэн бэ?
Килиан Мбаппе Лоттин 1998 оны 12 дугаар сарын 20-нд Францын нийслэл Парис хотод төржээ.Түүний эцгийг Вилфрайд гэдэг бөгөөд Камерун гаралтай, харин ээж болох Фаяза Ламари нь Алжир гаралтай юм. Эцэг эх нь хоёулаа спортын хүмүүс бөгөөд аав нь дасгалжуулагч, ээж нь мэргэжлийн гандболын тамирчин ажээ. Мбаппе нь эхээс гурвуулаа айлын дунд хүү. Дээрээ нэг ахтай доороо нэг дүүтэй. Мбаппег төрөхөөс өмнө эцэг эх нь Жирес Кембо Экоко гэж ахыг нь өргөж авчээ. Жирес ч мөн адил олонд танигдсан хөл бөмбөгчин юм. Харин бага дүүг нь Адиеми Мбаппе гэдэг. Эцэг нь Мбаппег дасгалжуулдаг байсан шигээ Адиемиг ч дасгалжуулж эхэлсэн ажээ.
Мбаппе багаасаа л хөл бөмбөгт дуртай, агуу хөл бөмбөгчин болох мөрөөдөлтэй хүү байжээ. Тэрбээр алдарт хөл бөмбөгчин Кристиану Роналдугийн шүтэн бишрэгч байв.
Аав нь түүний бие төлөөлөгч хийхээс гадна түүнийг зургаан настай байхаас нь хойш хөл бөмбөг зааж, дасгалжуулж эхэлсэн байна. Мбаппегийн аав хүүгийнхээ бага насны талаар дурсахдаа, “хүү маань интернетээр зөвхөн Роналдугийн тоглож байгаа бичлэгийг үзэж ихэнх цагаа өнгөрөөдөг байсан” гэжээ. Хүү 13 насандаа Роналдугийн улаан фен болсон байсан бөгөөд өрөө нь тэр чигтээ түүний зургаар дүүрэн байдаг байжээ.
Мбаппе 13 настайдаа шүтээнтэйгээ уулзах ховорхон боломжийг олж авсан юм. Зинедин Зиданы урилгаар Валдебебаст Реал Мадридийн бэлтгэлийн талбайд Кристиану Роналдутой уулзаж байжээ.
Тэрбээр сайн тоглогч төдийгүй сайн үйлстэн юм. Мбаппе дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авах цалингаа бүгдийг нь хандивлана гэж мэдэгджээ. Тэрбээр ус орноо төлөөлсний төлөө мөнгө авах хэрэггүй гэж үзэж байгаа бөгөөд “Premiers de Cordées” хэмээх эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдүүдийн дунд спортын арга хэмжээ зохион байгуулдаг санг үүсгэн байгуулсан бөгөөд “ДАШТ-2018” тэмцээнээс олсон бүх мөнгөө энэ сандаа хандивлахаар болсон байна.
Мбаппе хөл бөмбөгийн карьераа Францын “Монако” клубээс эхлүүлсэн юм. Тэрбээр 2016-2017 оны улирлын тоглолтод “Монако”-ийн бүрэлдэхүүнд Францын аварга болж, аваргуудын лигийн тэмцээнд хагас финал хүртэл тогложээ. Энэ улиралд тус баг нийт 44 тоглолт хийхэд К.Мбаппе 26 гоол хийж, 14 оновчтой дамжуулалт өгсөн байна.
Үүнээс нэг жилийн дараа тэрбээр “Пари Сен-Жермен” клубт 180 сая еврогоор зарагдсан нь түүнийг дэлхийн хоёр дахь үнэтэй тамирчин гэдэг нэр алдрын эзэн болгосон юм.