МАН: Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулганыг зохион байгуулна
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, цаг үеийн нөхцөл байдал, үүсээд байгаа асуудал бэрхшээл, цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар хэлэлцжээ.
Бүлгийн гишүүд ярилцаж хэлэлцсэний үндсэн дээр өнөөдрийн бүлгийн хурлаас дараах хоёр шийдвэрийг гаргасан байна. Нэгдүгээрт, Төрийн өмчит компаниудын менежментийг сайжруулах, засаглалыг сайжруулах зайлшгүй шаардлага үүссэн. Иймд энэ намрын чуулганаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн үзэж, ажлын хэсэг яаралтай гаргаж ажиллуулахаар шийдвэрлэсэн аж.
Хоёрдугаарт, үндэсний хэмжээнд нийгмийн бүхий л талуудыг хамруулсан Нийгмийн зөвшилцлийн үндэсний чуулганыг зохион байгуулахаар тогтсон. Энэ чиглэлээр УИХ, Засгийн газрын хамтарсан ажлын хэсэг гарч ажиллана. Энэхүү чуулганаар Монгол Улсын сүүлийн 30 жилийн хугацаан дахь нийгмийн бүхий л салбар дахь алдаа оноог хэлэлцэх юм.
Бүлгийн хуралд МАН-ын дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож мэдээлэл өгчээ.