Өвлийн амралтаа үр дүнтэй өнгөрүүлэх АРГУУД

Өвлийн амралт эхлээд 3 хонолоо. Бидэнд цаана нь нэг сар гаруйн хугацаа үлдсэн ч нүд ирмэхийн зуур цаг хугацаа урсан оддог. Тиймээс амралтын өдрүүдээ нэгэн хэвийн, хийсэн бүтээсэн зүйлгүй өнгөрөөж байвал чамд дараах зөвлөгөө тус болно.

1. ЗОРИЛГОО ШИНЭЧЛЭХ
Шинэ он гараад сар ч хүрээгүй байгаа энэ үед хийх ёстой зайлшгүй зүйлсийн нэг бол зорилго тавих. Энэ жилдээ багтаад хийх зүйлсээс эхлээд сонгосон мэргэжил, өгөх гэж буй шалгалтын оноо, суралцах гэж буй сургууль, улсын шалгалтын оноо, хувийн хэргийн дүн гэх мэтчилэн бидний зорилго илүү нарийн тодорхой байх нь өндөр ач холбогдолтой юм.

2. КОМПЬЮТЕР БОЛОН УТСАН ДЭЭРХ ЗҮЙЛСЭЭ ЦЭВЭРЛЭХ
Хэрэгцээгүй файлууд бидний утас, компьютерын багтаамжийг дүүргэхээс эхлээд вирусийн шалтгаан нөхцөл ч болж байдаг. Амралтаараа хийж болох бас нэгэн зүйл бол өөрийн гэрээ цэвэрлэхээс гадна компьютер болон утасныхаа гэрийг цэвэрлэж тэдгээр хог, новшийг утаснаасаа гаргаж хаях явдал юм. Энэ чамайг цэвэрхэн гэрт цай уух шиг л тийм тухтай байдлыг мэдрүүлэх болно. Мөн утас болон компьютероосоо ямар нэгэн зүйл олохдоо эрж хайж цаг авахгүй, фолдер үүсгэж эмх цэгцэд оруулсан учир шууд л олчихно гэсэн үг.

3. АЯЛАЛД ЯВЖ ЦЭВЭР АГААР АМЬСГАЛАХ
Үр бүтээлтэй амралтын гайхалтай хэсэг бол аялал шүү дээ. Аялалд явж, ууланд гарах нь амралтаа гэр бүлийнхэнтэйгээ мартагдахааргүй өнгөрөөж зургийн цомогтоо бас нэгэн зураг нэмэх боломж юм. Цэвэр агаар амьсгалж, дасгал хийж, ярилцмаар байгаа зүйлээ алхангаа ярьж, хээр хооллох нь гайхалтай аялал болох юм.

4. ЦАСААР БАЙЛДАХ, ЦАНА ЧАРГААР ГУЛГАХ
Өвлийн амралтаар хийж болох хөгжилтэй тоглоомын нэг. Найзууд, ах эгч дүүтэйгээ цасаар байлдах ч гоё шүү ☺. Дээр өгүүлсэн аялалд явах зөвлөгөөг дагахдаа ч хэрэгжүүлж болох юм. Ханиад хүрэхгүйн тулд дулаан хувцаслаж, зузаан бээлий бэлдэхээс гадна тулаандаа ялагдахгүйн тулд их хэмжээний цас бэлдээрэй. Мөн цана, чаргаар гулгаарай.

5. ШҮҮГЭЭГЭЭ ЦЭГЦЛЭХ
Хувцасны шүүгээгээр чинь дүүрэн хувцас байгаа боловч өмсөх гэхээр юу ч олдохгүй үе байдаг уу? Тэгвэл чамайг хувцасны шүүгээгээ цэвэрлэх болсон гэдгийн дохио юм. Таардаг болоод өмсөх дуртай хувцсаа ялгахаас гадна ямар цамцыг, ямар өмдтэйгөө хослуулж өмсвөл тохиромжтойг хүртэл энэ үеэр мэдэж авч болно шүү дээ. Өмсөхгүй олон хувцастай байснаас таалагддаг хэдхэн хувцастай байхад цаг хэмнэхээс, тохиромжтой хувцаслахад үлэмж хэмжээний үр нөлөөтэй.

6. ИРЭЭДҮЙ РҮҮ ЗАХИДАЛ БИЧИХ
Нэг, хоёр, арван жилийн дараа яг ямар хүн болмоор байгаагаа өнөөдрөөс харж өөртөө захидал бичээрэй. Хамгийн чухал нь бүх зүйлийг өнгөрсөн цаг дээр бичиж, өөртөө баяр хүргэсэн, их хичээж мөрөөдөл, зорилгодоо хүрч чадсан гэдгийг чинь харуулж чадах утга санаатай байх нь ач холбогдолтой юм. Хэдэн он, хэдэн сарын хэдэнд уншихыгаа сануулж дугтуйныхаа гадна бичээд тэр бүр хүн хүрэхээргүй газар орхиорой. Нэг л өдөр олоод унших тэр үед бүх зүйл захидал дээр бичсэний дагуу болсныг хараад гайхах нь дамжиггүй юм.

7. ЭМЭЭ ӨВӨӨ ДЭЭРЭЭ ЗОЧЛОХ, ТЭДЭНДЭЭ ТУСЛАХ
Хичээл, сургууль, найз нөхөд гэсээр эмээ өвөөгөө бараг мартах нь холгүй байх үе бий. Тиймээс амралтын боломжийг ашиглаад өвөө, эмээ дээрээ зочлоод шаардлагатай бол тэдэндээ туслаад “нарыг нь гаргаж” ходоод дүүрэн хоолтой, халаас дүүрэн чихэртэй гараарай.

8. ХОЦРОГДЛОО АРИЛГАХ
Аль нэг хичээл дээр бага зэрэг хоцрогдолтой байсан бол амралтын боломжийг ашиглаад давтлагад хамрагдаж болно. Хичээлийн дараагийн улирал эхлэхэд чи аль хэдийн ангийнхныгаа гүйцчихсэн ч байж болно шүү дээ. Тэгэхээр энэ олон хоног хичээлээ хоолтойгоо хольж идэхгүйн тулд байнга давтаж байх хэрэгтэй. Нэг үгээр амралтыг чи бусдаас түрүүлэх боломж гэж харах хэрэгтэйг санаарай.

9. НОМ УНШИХ
Үүнийг хэлүүлэлгүй хийж байгаа хүүхдүүдийг магтан сайшаая. Гэхдээ хаа хамаагүй ном бус, өөрт хэрэгтэй буюу насандаа тохирсон ном уншихыг санал болгож байна. Ер нь амралтаар ч гэлтгүй бусад үед ч өдөрт 40 хуудас юм уншвал сайн. Тиймээс амралтаар юу хийхээ мэдэхгүй, завтай байгаа хүүхдүүдэд сануулахад утастай бус номтой л нөхөрлөөрэй гэж зөвлөе.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *