Т.Доржханд: Нээлттэй сонсголоор жинхэнэ хулгайч хэн бэ гэдэг үр дүнгээ үзэх ёстой

Нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой Ерөнхий хяналтын сонсгол маргааш болно. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд мэдээлэл өглөө.

Тэрбээр “Хууль хүчний байгууллагын удирдлагууд, нүүрсний хэрэгт нэр холбогдсон 17 албан тушаалтныг бүгдийг нь сонсголын үеэр байлцуулъя гэж байгаа. Гэтэл Х.Баттулга гэдэг хүн хоёр хоногийн өмнө зугтчихсан. Хилийн хориг тавих шаардлагыг өчигдөр өгсөн. Хамгийн их мэдээлэлтэй хүн бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн захирал асан Б.Ганхуяг юм. Энэ хүн нэрсийг мэдэж байгаа. Мэдүүлгээ өгөх ёстой. Түүнийг сонсголд ирүүлж, мэдээллийг нь сонсох талаар ажлын хэсгийнхэн ярилцаж байна.

Офтэйк гэрээний гүйцэтгэгч “Бодь Интернэшнл” компанийн ТУЗ-ийн дарга Д.Баясгалан гэдэг хүн яарч сандраад л өчигдөр мэдээлэл хийлээ. Монгол Улсад сайхан жүжиг болж байна. Би яаж мэдэх юм, ажлаа хийсэн, асуудал байвал төртэй яриарай гэсэн ийм л байдлаар ярьчихлаа.

Маргаашийн нээлттэй сонсгол дээр Д.Баясгалан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат сонсгол дээр ирж мэдээллээ өгөх хэрэгтэй байна. Энэ хоёр хүнийг уулзуулмаар байна. Маргааш бол нүүрсний хулгайн асуудлаар мэдээллээ олж авах боломжтой цорын ганц суваг шүү. Нээлттэй сонсгол хийнэ гэдгээс болоод офтэйк гэрээнүүд ил болсон. Жинхэнэ хулгайч хэн бэ гэдэг үр дүнгээ үзэх ёстой” гэлээ. 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *