Программ хангамжийн худалдан авалт шилэн боллоо
Монголд анх удаа программ хангамжийн их дэлгүүр өнөөдөр үүдээ нээлээ. Эх орны программ хангамж үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн санал болгох www.mindgolia.mn их дэлгүүр нь төсөв хэмнэж, үр ашигтай зарцуулах, бүтээмж нэмэхэд түлхэц болох технологийн шийдэл юм. Учир нь программ хангамжийн хамгийн том худалдан авагч нь төр. 2012-2021 онд төрийн 12 яам, 13 агентлаг, тэдгээрийн харьяа 33 байгууллага 919,1 тэрбум төгрөгийг программ хангамж, дижитал технологид зарцуулсан байна. 2022-2024 онд төрийн 106 байгууллага 357 төсөл хэрэгжүүлэхэд ₮997,8 тэрбум буюу нэг их наяд төгрөгийн төсөв хөрөнгө хэрэгцээтэйг тооцоолон гаргажээ.
Нээлтийн арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Монгол Улсын Ерөнхий сайдын илгээлтийг эдийн засгийн бодлогын зөвлөх Д.Ирмүүн танилцууллаа. Мөн программ хангамж үйлдвэрлэгч, худалдан авагч, хэрэглэгчдийн 400 гаруй төлөөлөл, төрийн байгууллага, яам, агентлаг, төрийн өмчит компанийн төлөөллүүд оролцлоо.
Төр гэдэг хамгийн том худалдан авагч эрүүл бол зах зээл эрүүл байна. Төр ухаалаг бол зах зээл ухаалаг байна.
Төр өөрөө систем хөгжүүлж, хувийн хэвшилтэй өрсөлддөг, мэргэжлийн бус захиалга өгдөг, авсан программ нь бусад байгууллагад ашиглагддаггүй, хэрэглэхээсээ илүү байнга засварлаж, сайжруулахад цаг, мөнгө үрэхэд хүргэж энэ нь салбарын хөгжлийг чөдөрлөж байна. Программ хангамжийн их дэлгүүр ийм ухаалаг бус, үрэлгэн оновчгүй орчин нөхцөлийг уг үндсээр нь өөрчилнө. Гар утасныхаа App store-оос нэгэнт хэрэглээнд нэвтэрсэн туршигдсан аппликэйшн татаж ашигладагтай адил сонгомол, чөлөөт өрсөлдөөний, шилэн, нээлттэй зарчим ийнхүү программ хангамжийн худалдан авалт, зах зээлд нэвтэрч байна. Төрийн байгууллагууд тус тусдаа тендер зарлахаа больсноор мэдээллийн системүүд хоорондоо уялдаатай, аюулгүй байдлын эрсдэл ч буурна.
Өнөөдрийг хүртэл www.tender.gov.mn цахим хуудасны зөвхөн “Цахим дэлгүүр” гэсэн нэг л цэсэнд программ хангамжийн цөөн төрлийн бүтээгдэхүүн байршуулж ирсэн бол ийнхүү бүгдийг нэг дороос сонгон авах боломжтой боллоо. Өнөөдрийн байдлаар цахим их дэлгүүрт 100 гаруй компанийн 180 орчим бүтээгдэхүүн байршсан байна. Уг системийг хөгжүүлж туршсан сүүлийн 30 хоногт 5 төрлийн 4,5 тэрбум төгрөгийн системийг 21 аймгийн 248 ЕБС хэрэглэснээрээ төлбөрийг нь төлөх нөхцөлтэйгөөр худалдан авсан байна.
www.mindgolia.mn -ийн нээлтэд программ хангамж үйлдвэрлэгчдийн 350 гаруй, худалдан авагч, хэрэглэгчдийн 250 орчим, яам, агентлаг, төрийн өмчит компанийн төлөөлөл оролцлоо. Энэ үеэр Харилцаа холбоо, программ хангамжийн салбарынхан ЦАХИМААР ЗАСЪЯ!” уриалгад нэгдэн гарын үсэг зурсан юм. Тэд технологийн шийдлээр эрдэнэс баялаг, тухайлбал, нүүрсний олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, төсвийн зарцуулалт зэрэгт гэрэл тусган, ил тод, үр өгөөжтэй болгож, нээлттэй нийгэм бүтээхийн төлөө ур чадвар, хүсэл сонирхлоороо нэгдэж буйгаа илэрхийллээ.