Японы Засгийн газрын ₮825 саяын буцалтгүй тусламжаар Хөвсгөлийн Рашаант сумын сургуулийг засна
Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд Хөвсгөл аймгийн Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн А байранд их засварын ажил хийхээр болжээ.
“Хөвсгөл аймгийн Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн засварын төсөл”-ийн гэрээнд энэ сарын 16-ны өдөр Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан нар гарын үсэг зурсан байна.
Рашаант сумын Ерөнхий боловсролын сургуулийн А байр нь 1972 онд ашиглалтад орсон бөгөөд одоогийн байрлаар дусаал гоождогийн улмаас тааз болон дотор ханын будаг, эмульс хуурч, мөөгөнцөр үүсдэг, модон цонхоор нь хүйтэн агаар нэвтэрч, өвлийн улиралд тохиромжтой өрөөний температурыг хадгалж чаддаггүй болсон зэрэг асуудалтай тулгарах болжээ.
Энэ удаагийн төслийг хамгийн ихдээ 274,084 ам.доллар буюу 852,950,000 орчим төгрөгөөр хэрэгжүүлснээр тус сургуулийн сурагчид байнга эрүүл, аюулгүй орчинд суралцах боломжтой болох юм.
Япон Улсын Засгийн газар нь Монгол оронд 1990 оноос өнөөдрийг хүртэл 32 жилийн турш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Энэ удаагийн төсөл нь буцалтгүй тусламжийн 586 дэх, Хөвсгөл аймагт хэрэгжих 29 дэх төсөл болж байна.