Нүүрсний хэргийн асуудлаарх нээлттэй сонсгол 10 цагт эхэлнэ

УИХ-ын гишүүн Т.Доржханд тэргүүтэй хэд хэдэн гишүүд нүүрсний хулгайн хэргээр нээлттэй сонсгол явуулах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ дагуу УИХ-ын дарга захирамж гаргаснаар өчигдөр ЭЗБХ-гоор хэлэлцэж, нүүрсний олборлолт, тээвэрлэлт, экспорттой холбоотой асуудлаар ерөнхий хяналтын сонсголыг өнөөдөр 10.00 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд зохион байгуулж байна.

Уг сонсголыг УИХ-ын гишүүн С.Чинзориг даргалан явуулахаар төсөлд тусгагджээ.

Нээлттэй сонсголоор,

1.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааны хүрээнд өнөөг хүртэл төлбөрийг ашигт малтмал, түүхий эдээр төлөх нөхцөлтэй /Оффтейк/ болон төлбөрийг урьдчилан авч ашигласан гэрээнүүдийн талаар;

2.Нүүрсний асуудлаар 2013 оноос хойш шийдвэрлэгдсэн, хэрэгсэхгүй болсон хэргүүдийн талаарх мэдээлэл болон шалгагдаж байгаа хэргүүдийн явц, шийдвэрлэлтийн байдлын талаарх мэдээлэл;

3.Монгол Улсаас 2020-2022 онуудад нийт хэдэн боомтоор, ямар хэмжээний нүүрс гаргасан, хэдэн аж ахуйн нэгж ямар хэмжээгээр олборлож, ямар аж ахуйн нэгж тээвэрлэж, хэдий хэмжээний орлого олсон, коксжих нүүрсний дэлхийн болон БНХАУ-ын зах зээл дээрх үнэ, хилийн үнэ, уурхайн аман дээр борлуулж буй үнийн зөрүү, түүний шалтгаан. Энэхүү үнийн зөрүү нь хоёр улсын тодорхой этгээдүүдийн авлига, хууль бус үйл ажиллагааны орлого, татвараас зайлсхийхэд нөлөөлсөн эсэх;

4.“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн зүгээс Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын төслүүдэд ямар хэлбэрээр, хэдий хэмжээний санхүүжилт гарган оролцсон болон эдгээр төмөр замуудын 1 км тутмыг ямар өртгөөр барьж байгуулсан тухай асуудлуудыг хэлэлцэх юм.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *