Нээлттэй сонсгол гэх нэрэн доор иргэдийг тэнэгтүүлж чадлаа
Нүүрсний хулгай гэх хэрэг иргэдийн дунд өндрийг авч, төв талбайд 18 дахь өдрөө жагсагчид хулгайчдын нэрсийг зарлаж, хулгайлсан мөнгөө эргүүлэн өгөхийг шаардсан. Жагсагчдын эл шаардлагыг хүлээн авч, ЗГ-аас хянан шалгах түр хороо байгуулан 14 хоногийн өмнөөс иргэдэд нээлттэй сонсгол явуулж “хулгайчдыг илчилнэ, үнэн ялна, Монгол улс төр засагтай, төр засаг нь ажлаа яаж хийдгийг яруу тодоор харуулна” хэмээн эрх баригчид “Болор цом”-д түрүүлэх хэмжээний чихэнд чимэгтэй үг хэлж жагсагчдыг тайвшруулсан.
Гэвч нээлттэй сонсгол болох өдөр буюу өнөөдөр /2022.12.21/ зохион байгуулалтын алдаа дутагдлаас үүдэн өглөө 10 цагт эхэлсэн даруйд үймээн үүсэж завсарлага авсан. Учир нь сонсголд оролцохоор нэрээ өгсөн иргэд орж чадахгүй байгаадаа эсэргүүцэл илэрхийлэн ордны баруун хаалган дээр хувцсаа тайлж суулт зарлан Ерөнхий сайдтай уулзахыг хүссэн. Гэвч нүцгэн суулт зарласан иргэдийг осголтын нэгдүгээр зэрэгт орсон гэдгийг эмчийн үзлэгийн баг сануулж, 2-3 хүн ухаан алдсаныг, эмнэлгийн машинаар авч явлаа.
Цөхөрсөн зүдэрсэн ард иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрч, бүсээ чангалахын хэрээр чангалж, идэх хоолны мөнгөө олж чадахгүй байгаа өнөөгийн нийгэмд 44 их наядын нүүрсний хулгайн хэрэг тэвчээрийг таслах шиг болсон. Тиймдээ ч иргэд хүйтнийг ажралгүй төв талбайд эсэргүүцлээ илэрхийлэн 18 өдрийг үдлээ. Тэд төр засагтаа итгэсэн. Нээлттэй сонсгол өрнүүлж иргэдийн бухимдлыг намжааж, төрийн түшээд эмх цэгцдээ орно гэж найдсан. Гэвч нээлттэй сонсголыг гурван танхимд хувааж УИХ-ын гишүүд нь нэг танхимдаа цугларч, оролцохоор нэрээ өгсөн иргэдийн нэр дээр өөр хүмүүс дотор орсон нь нээлттэй сонсгол гэх нэрээр иргэдийг тэнэгтүүлж чадсан гэдгийг харуулав.