Б.Жавхлан: Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2,527 тээврийн хэрэгсэл “АЧААГҮЙ” гэсэн бүртгэлтэй гарсан
Нүүрсний асуудлаар зохион байгуулж буй Ерөнхий хяналтын сонсголд Сангийн сайд Б.Жавхлан оролцож, мэдээлэл өглөө.
Тэрбээр “Манай улс 1995 оноос хойш 336 сая тонн нүүрс экспортолсон байна. Үүний 80 хувь нь 2011 оноос өдрийг хүртэлх экспорт байгаа юм. 336 сая тонн нүүрс экспортлоод 45.2 их наяд төгрөгийн борлуулалтын орлого олсон байна. Үүний 43.5 их наяд төгрөг буюу 95 хувь нь 2011 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд хамаарна. 10 их наяд төгрөгийн татвар авсан.
Нүүрсний экспорттой холбоотой асуудлыг таван бүлэгт хувааж байна.
- Тээвэртэй холбоотой далд эдийн засаг үүссэн. Өөрөөр хэлбэл, орлогоо нуун дарагдуулсан байж болзошгүй байгаа юм.
- Офтэйк гэрээ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй болсон.
- Хилийн хяналтын байгууллагад бүртгэлгүй эсвэл хоосон тээврийн хэрэгслийн тоо хэмжээ зөрсөн.
- “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн эзэмшлийн талбай дээрээс 340 мянган тонн нүүрс зөөсөн зөрчил бий.
- Офтэйк гэрээ болон бүтээн байгуулалтын хэт өндөр үнэлгээтэй холбоотой асуудал бий.
2011-2022 оны хугацаанд татварын байгууллагаас нүүрсний 177 компанид 239 удаа татварын шалгалтыг хийсэн. Улмаар 1.6 их наяд төгрөгийн зөрчил илрүүлж, 295 тэрбум төгрөгийн акт тавьсан байна” гэлээ.
Түүнчлэн Гаалийн байгууллага 2013-2018 онд дотоод хяналт шалгалт хийж, дараах үйлдлийг илрүүлэн хуулийн байгууллагад шилжүүлжээ.
- Гэрээгүй болон гэрээнээс илүү тоо хэмжээгээр экспортын бүрдүүлэлт хийсэн. 21 компани гэрээнд заасан хэмжээнээс нэг сая тонн нүүрс илүү экспортолсон бол 12 компани эх үүсвэр нь тодорхойгүй, гэрээгүй 515 мянган тонн нүүрс экспортолсон байна.
- Улсын хилээр хоосон гэж бүртгэгдэж гарсан тээврийн хэрэгсэл бий. Гашуунсухайт боомтоор 86 компанийн 2,527 тээврийн хэрэгсэл олон удаагийн давтамжтай ачаагүй гэсэн бүртгэлээр гарчээ.
- Экспортын гаалийн бүрдүүлэлтгүй улсын хилээр гарсан байж болзошгүй тохиолдол гарчээ. Тухайлбал, 3,758 тээврийн хэрэгслээр нийт 379 мянган тонн экспортолсон гаалийн мэдүүлэг олдоогүй байгаа гэдгийг Сангийн сайд Б.Жавхлан танилцуулсан юм.