ЦЕГ: Жагсагчдаас 8 иргэнийг эмнэлэгт хүргэсэн боловч ихэнх нь эмчилгээ хийлгэхээс татгалзсан
Сүхбаатарын талбайд жагсаж буй иргэдийг цагдаагийн байгууллагаас албадан тарааж байна гэх мэдээлэл цахимаар цацагдсан. Энэ талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл өглөө.
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат, “Цагдаагийн байгууллагаас жагсагчдаас нэг ч хүнийг баривчилж хориогүй. Эмнэлгийн байгууллагад албадан хүргэх зохицуулалт байсан. Учир нь цаг агаарын байдлаас шалтгаалан иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй байсан. Гэтэл жагсагчид эмнэлгийн ажилтнууд албан үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөлтэй байгаа учраас цагдаагийн байгууллагаас туслалцаа үзүүлэхийг хүссэн.
Иргэдийг эмнэлгийн байгууллагад хүргэх явцад албадан тарааж, баривчилж байгаа мэт байдал үзэгдсэн байж болох юм. Баривчилж, саатуулсан явдал огт биш. Эмнэлгийн байгууллагаас хүний амь нас хохирч болзошгүй гэж үзсэн тул дэмжлэг үзүүлж хамтран ажилласан.Өнөөдөр нийт 30 иргэнийг эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Үүнээс найман иргэнийг Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт,, 19 иргэнийг УНТЭ-т эмнэлэгт, хоёр иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авахгүй гэсэн тул гэрт нь хариулж, насанд хүрээгүй 1 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн.
Мөн Сүхбаатарын талбайд олон хоног жагссан 16 иргэнийг Түлэгдлийн эмнэлэг рүү хүргэсэн. Тэдний хэрэглэж байсан эд зүйлсийг гурван автомашинаар ЦЕГ-ын Хангалт үйлчилгээний төвийн агуулахад хүргэж, түр хугацаанд хадгалах ажлыг зохион байгуулсан” гэв.