Талибууд эмэгтэйчүүдийг их сургуульд суралцахыг хориглолоо
Афганистаны “Талибан” хөдөлгөөн эмэгтэй оюутнуудыг их сургуульд суралцахыг хориглосон нь олон улсын шүүмжлэлийг дагуулаад байна.
Афганистаны Дээд боловсролын сайд мягмар гарагт энэ талаар мэдэгдэл хийх үеэрээ холбогдох шийдвэр нэн даруй хэрэгжиж эхэлнэ гэдгийг онцолжээ.Өнгөрсөн онд засгийн эрхэнд эргэн гарснаасаа хойш охидыг дунд, ахлах сургуульд явахыг хориглоод байсан “Талибан” эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийг улам хязгаарлаж байгаа нь энэ юм.
Кабул хот дахь эмэгтэй оюутнууд дээрх шийдвэр өөрсдөд нь ямар хүндээр тусаж байгаа талаар “BBC” телевизэд сэтгэгдлээ хуваалцжээ. Кабулын их сургуулийн нэгэн оюутан хэлэхдээ, “мөрөөдөлтэй минь холбох цор ганц гүүрийг нураалаа” гэсэн байна. НҮБ мөн дээрх шийдвэрт ихэд түгшиж байгаагаа илэрхийлээд байна. Афганистан дахь НҮБ-ын хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн зохицуулагч Рамиз Алакбаров хэлсэн үгэндээ, “Сурч боловсрох нь хүний үндсэн эрх юм. Эмэгтэйчүүдийн боловсрол эзэмших эрхийг хязгаарлах нь Афганистаны ирээдүйг хааж боогдуулж байгаагаас өөрцгүй” гэсэн байна.
“Талибан” өнгөрсөн онд засгийн эрхийг авсныхаа дараа урьдынхтайгаа харьцуулахад аядуу бодлого баримтлахаа амлаад байсан боловч эмэгтэйчүүдийн эрх, эрх чөлөөг улам хязгаарласаар байна. Өнгөрсөн сард талибууд эмэгтэйчүүдийг нийслэл хотын соёл амралтын хүрээлэн, бялдаржуулах төвүүдээр үйлчлүүлэхийг хоригложээ.