П.Бат-Ирээдүй: Иргэдийг яаралтай үзлэг шинжилгээнд хамруулахгүй бол бид өөрсдөө эрүүгийн хариуцлага хүлээнэ
Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга П.Бат-Ирээдүй төв талбайд олон өдөр өнжсөн жагсагчдад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх хэрэгтэй байгааг онцоллоо. Тэрбээр жагсаал, цуглааны үед Яаралтай тусламж үзүүлэх тухай хуулийн дагуу иргэдийг хүндрэлээс хамгаалахад дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах хүсэлтийг Нийслэлийн цагдаагийн газрын даргад хүргүүлсэн юм.
П.Бат-Ирээдүй эмч энэ талаараа “Хүний биеийн дулаан хамгийн их алдагддаг хэсгүүд нь толгой, нуруу, үе мөч, арьс гадаргуу байдаг. Хүйтэнд хонож буй иргэдэд маш олон өөрчлөлт гардаг. Үүнийг энгийн үзлэгээр илрүүлэх боломжгүй тул нарийн үзлэг, шинжилгээ хийх шаардлагатай. Тухайлбал, ковидоор өвчилсөн жагсагчдад хүйтний улмаас цусны өтгөрөл явагдана. Эдгээр өөрчлөлтүүдийг нарийн лабораторийн шинжилгээгээр хийх шаардлагатай. Бид хүлээсэн үүргийнхээ дагуу оношилгоо, үйлчилгээ үзүүлэхгүй бол цаашдаа гарах эрсдэлийг бид хянах боломжгүй. Бид эрүүл иргэний төлөө ажиллаж байна. Тусламж, үйлчилгээ үзүүлж чадахгүй бол бид хариуцлага хүлээх болчихоод байна. Жагсагчдыг эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамруулах нь одоо маш чухал байна” хэмээв.
Гадаа таваас дээш хоносон хүмүүст стандартын дагуу үзлэг, шинжилгээ хийх нь чухал гэдгийг Эрүүл мэндийн байгууллагынхан анхааруулсаар байна. Улаанбаатар хоттой адил хүйтэн байдаг хот, улсуудад иргэд 10-аас дээш хоногоор гадаа хоносон тохиолдол байдаггүй аж. Иймээс жагсагч иргэдэд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй бол тухайн дүүргийн Эрүүл мэндийн төв эрүүгийн хариуцлага хүлээх асуудал мөн үүсдэг юм байна.