С.Эрдэнэ: Жагсаж байгаа нэрийн дор тодорхой бүлэг зорилготойгоор үймүүлж байгаа асуудлыг өөхшүүлж болохгүй
Ардчилсан Намаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, нүүрсний хулгайтай холбоотой хэргийг анхааралтай ажиглаж байна хэмээн мэдэгдэв.
Энэ тухай тус намын дарга С.Эрдэнэ “УИХ-ын дарга Д.Занданшатар тэргүүтэй эрх баригчид Ардчилсан Намын гишүүд болон тус намыг дэмжигч иргэдийн ашиг сонирхлыг зөрчин намын дотоод асуудалд хувийн болон улс төрийн ашиг сонирхлоор хандаж, Үндсэн хууль наймаалцах замаар Монгол Улсын УИХ-ын тухай хуулийн 31 зүйлд хүчээр нэмэлт өөрчлөлт оруулан УИХ дахь Ардчилсан Намын бүлгийн даргыг хуйвалдааны аргаар өөрчлөх оролдлогыг хийж ирсэн. Уг нь УИХ-ын тухай хуулийн 31.11 дүгээр зүйлд УИХ-ын гишүүд хамтран УИХ дахь нам эвслийн бүлгээс өөр зохион байгуулалтын аливаа хэлбэр үүсгэхийг хориглох хуулийн заалт бий. Иймд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл болон бусад нэр бүхий гишүүд нь УИХ дахь Ардчилсан Намын гишүүдийг төлөөлөх эрх зүйн чадамжгүй болохыг дахин албан ёсоор хэлье” гэв.