REUTERS: Хятад улс коронавирусийн өвчлөлийн тоо баримтаа зарлахыг зогсоожээ
Covid-19 өвчний талаар өдөр тутмын тоо баримтыг Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хороо зарлахаа зогсоожээ.
Тус байгууллагаас өчигдөр гаргасан мэдэгдэлд “Цар тахалтай холбоотой мэдээллийг Хятадын Халдварт Өвчний Хяналт, Урьдчилан Сэргийлэх Төв цаашдаа нийтэлж байх болно” гэсэн байна.
Гэхдээ яагаад эх сурвалж өөрчлөгдсөн болон ямар давтамжтай нийтэлж байх талаар тайлбарлаагүй юм. Сүүлийн өдрүүдэд Хятад даяар коронавирусийн халдвар тархалт эрс нэмэгдэж, эмнэлгүүдийн ачаалал хэтэрсэн тухай мэдээ ирж байгаа.
Гэхдээ өвчлөлийн талаар албаны тоо баримт эргэлзээтэй хэвээр байна. Хятадын Эрүүл Мэндийн Үндэсний Хороо тоон мэдээлэл гаргахаа зогсоохоос өмнө дөрвөн өдөр дараалан Covid-19 өвчинтэй холбоотой нас баралтын тоогоо зарлаагүй юм.
Үүнээс өмнө тус улсын эрх баригчид ямар тохиолдолд коронавирусийн халдварын улмаас нас барсан гэж үзэх шалгуураа өөрчилж байжээ.
Их Британийн эрүүл мэндийн өгөгдөл боловсруулдаг Airfinity компанийн тооцоолсноор одоо Хятадад өдөрт нэг сая гаруй халдварын тохиолдол, 5,000 гаруй нас баралт нэмэгдэж байх өндөр магадлалтай гэнэ.
Циндао хотын албаны эх сурвалж тус хотод одоо өдөрт 490,000-530,000 орчим халдварын тохиолдол бүртгэгдэж байгааг хэлсэн тухай мэдээ Баасан гарагт нийтлэгдэж байжээ. Гэхдээ удалгүй энэ мэдээлэл устсан байна.
Эх сурвалж: Reuters